8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Тунгалагтуяа: Элсэгчид зургаа буруу оруулсан тохиолдол БҮТ-д ирээд солиулах боломжтой

2017-04-12 08:27:00

-Элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байх-

ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байгаа билээ. Ингээд ЭЕШ-ын бүртгэлийн үйл явц хэр байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалтын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэл дуусахад хоёрхон хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ. Бүртгэлийн үйл явц хэр байна вэ? 

-Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн оройны 18:00 цагт хүртэл явагдаад дуусна. Бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна. Бүртгэлийн үйл явц хэвийн үргэлжилж байна.  Энэ жил Ерөнхий боловсролын 12-р анги төгсөж байгаа нийт 38935 сурагч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энэ онд төгсөж байгаа 38252 шалгуулагч, өмнөх оны 2400 шалгуулагч бүртгүүлээд байна. Бүртгэлийн явц 91 хувьтай байна.

-Бүртгэлийн явцад элсэгчид юун дээр анхаарвал зохилтой байна вэ. Зураг буруу оруулах нийтлэг алдаа гарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Алдаатай, зургаа буруу оруулсан сурагчид манай төв дээр өөрийн биеэр ирээд зургаа солиулах боломжтой

-Бүртгэл эхэлснээс хойш элсэгчид зургаа буруу оруулах тохиолдол нэлээд гарч байна. Тиймээс элсэгчид зурган дээр анхаарах хэрэгтэй байна. Алдаатай, зургаа буруу оруулсан сурагчид манай төв дээр өөрийн биеэр ирээд зургаа солиулах боломжтой. Мөн шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн буланд орж өөрийн сонгосон хичээлийг сонгон төлбөрөө хийснээр ЭЕШ-ын бүртгэл амжилттай болно. Үүнийг сайтар анхаарах хэрэгтэй байна.

-Ирэх жилээс ЭЕШ өгсөн сурагчид шалгалтаа өгч дуусаад, шалгалтынхаа хуудсыг уншуулаад шууд дүнгээ харах боломжтой гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүй-

-Энэ талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-ЭЕШ-ын хичээлийн хуваарь гарсан байна лээ.  Ер нь ямар ямар хичээлийг элсэгчид түлхүү бүртгүүлж байна вэ?

-Жилийн жилд тодорхой хэдэн хичээлийг элсэгчдийн дийлэнх нь сонгож шалгалт өгдөг.  Үүнд Математик, Нийгэм, Англи хэл, Физик зэрэг хичээлүүд багтдаг. Энэ их дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, мэргэжлийн бүлгүүдэд суурь хичээл болж өгдөг. ЭЕШ-ын хичээлийн хуваарь гарсан. ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж зургадугаар сарын 18-ны өдөр Орос хэлний шалгалтаар дуусна.

-Улсын хэмжээнд хэчнээн анги танхимд ЭЕШ явагдах вэ?

-Улсын хэмжээнд нийт 50 шалгалтын төв байгаагийн улаанбаатар хотод 28, хөдөө орон нутагт 22 шалгалтын төв бий. Эдгээр төвүүдийн анги танхимийг бүрэн камержуулсан. Үүнээс гадна сонсоод ойлгох чадварыг шалгах сонсох төхөөрөмжийг суурилуулсан. 

ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж зургадугаар сарын 18-ны өдөр Орос хэлний шалгалтаар дуусна.

-Бүртгэлийн хугацаанд элсэгчид хичээлээ нэмэх эсвэл хасуулах тохиолдол гарч байна уу. Хичээл хасах болон нэмэх боломжтой бий юу?

-Бүртгэлийн хугацаанд шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн буланд нэвтэрч хичээлээ нэмэх боломжтой. Харин хичээл хасах солих боломжгүй.

-Хугацаандаа амжиж бүртгүүлээгүй тохиолдолд дахин бүртгүүлэх боломжтой юу. Бүртгэлийн хугацааг сунгах уу?

-ЭЕШ-ын Бүртгэлийн хугацааг сунгахгүй. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний  өдрийн оройн 18.00 цагт бүртгэлийн хугацаа дуусна. Энэ хооронд элсэгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрвээ элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээгүй бол дахин бүртгэнэ гэсэн зүйл байх. Тиймээс элсэгчид энэ тал дээр анхааралтай хандаж хугацаандаа бүртгүүлэх хэрэгтэй. Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар БҮТ-ийн  мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-ууд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн БҮТ үйл ажиллагаандаа БҮТ-ийн лавлах \CALL CENTER\ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тиймээс элсэгчид асуух зүйл гарсан тохиолдолд CALL CENTER-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.

-ЭЕШ-тай холбоотой мэдээллийг элсэгчид хаанаас авах боломжтой вэ?

-Боловсролын үнэлгээний төв www.facebooк.com\eec.mn хуудсаар элсэгчдэд зориулсан постер оруулж байна.  Мөн 74779498 гэсэн лавлах утас, 70119498 Энэ утсаар холбогдож ЭЕШ-тай холбоотой өөрт хэрэгтэй мэдээллээ авах бүрэн боломжтой.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment