8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Сүхбаатар: Амиа алдсан хоёр албан хаагч  маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй

2017-04-12 12:17:00

ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр ЗХ-ий 330-р ангийн албан хаагчид амиа алдсан харамсалтай хэрэг  гарсан. Тодруулбал  энэ сарын 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 330-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдаж тэнд байсан цэргүүдээс найман гэмтэл авчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор  ЗХЖШ-аас өнөөдөр  мэдээлэл хийсэн юм.


Ж.Бадамбазар: Талийгаачдийн ар гэрийнхэнд мөнгөн тэтгэмж олгоно

Хурлын үеэр  ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар: “350 дугаар анги сургалт бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу байлдааны тактикийн хээрийн сургуульт хийж байхад ийм харамсалтай хэрэг боллоо. Гранат шидэх сургуултийнхаа бэлтгэл ажлыг хангаж байхад байлдааны зориулалттай гар гранат дэлбэрсэн. Үүний улмаас найман цэргийн алба хаагч хүнд хөнгөн хэлбэрээр шархдаж, хоёр цэрэг амь эрсэдлээ. Үүнтэй холбогдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Батсуурийн Мөнгөншагай, ахлагч Баасанжавын Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд Батлан хамгаалах яамны Жанжин штаб болон Зэвсэгт хүчнийхээ нийт бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Амиа алдсан цэргийн албан хаагчид дундаж цалингийн 10 жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог. Үүний дагуу талийгаачдийн ар гэрийнхэнд мөнгөн тэтгэмж олгоно” гэсэн юм.

Амиа алдсан ахлагч Б.Ариунболд нь 1993 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг байжээ.Мэргэжлийн ахлагч,  Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч байсан гэдгийн онцолж байсан юм.

Ахмад Б.Мөнгөншагай нь 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. Мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Тэрбээр БХИС-ийн Зэвсгийн албаны офицер мэргэжилтэй. Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хаасан. Афганстан, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явсан, туршлагатай нэгэн аж. Мөн тэрбээр энэхүү сургалтыг хариуцаж ажиллаж байсан байна. Гранатад өртсөн эдгээр хүмүүс бүгд мэргэжлийн ахлагч нар байсан байна. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, туршлагатай гэнэ. 
 

Т.Сүхбаатар: Амиа алдсан хоёр албан хаагч  маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй

Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн  захирал, дэд хурандаа  Т.Сүхбаатар: “Тухайн үед ослын талаарх дуудлагын  ослын газар шуурхай бүлэг ажиллаж эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн. Амиа алдсан хоёр албан хаагчийн тухайд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй. Шархагдагсдын хувьд  тэсрэлтийн улмаас үүссэн гадны биетүүд байлдаг ч нарын гарын шуу, гуя, хөл хэсгийн зөөлөн эдэд нь нэвчиж орсон  байдалтай байсан.  Хөл, гарын сарвуундаа нэлээд гэмтэл авсан.  Мөн хагалгаанд орсон хоёр хүний биеийн байдал хэвийн байна гэсэн” мэдээлэл өгсөн юм. 

Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. 

-Тухайн сургуулилтад нийт хэчнээн ахлагч хамрагдаад байсан вэ? 

-Сургуулилтад нийт 25 ахлагч хамрагдаж байсан. Бүгд туршлагатай, ахмад, ахлагч нар байсан. 

-Сургуулилтын үеэр байлдааны зэвсэг ашиглах нь хэр зөв?  

-Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Хээрийн сургуулилтын үед байлдааны зэсвэг ашиглана  гэсэн зүйл байдаг.  

Ж.Бадамбазар: Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр буруутай бол хариуцлагаа хүлээнэ

-Гранат дэлбэрсэн ослын шалтгааныг урьдчилсан байдлаар хоёр янз гэж байж болно гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар хийнэ үү? 

-Осол юунаас болж гарсан болохыг яг одоо хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй. 

-Тухайн тэсэрсэн гранат хэр хэмжээний зайд хор хөнөөл учруулж  болох хэмжээний хүчтэй гранат байсан вэ? 

-Байлдааны зориулалттай учраас 50-200 метр хүртэл ойх орчмынхоо зайд хор хөнөөл учруулахуйц хүчтэй. 

-Сургалтад хэдээс хэдэн насны цэргүүд хамрагдаж байсан вэ. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон уу? 

-22-30 насны ахмад, ахлагч нар байсан. Сургалтын үйл ажиллагааг одоогийн байдлаар зогсоогоод байна. Ийм  хэрэг гарсанд бид харамсаж байна. 

-Ослын шалгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу? 

-Ослын шалтгааныг хуулийн байгууллагаас шалгаж байна.  Мөн ослын шалтгааныг хууль хяналтынхан тодруулж тэд дүгнэлтээ гаргана. Тиймээс бид энэ талаар мэдээлэл өгөх эрхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр буруутай бол хариуцлагаа хүлээнэ. 

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж Эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орсон. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна

Ийнхүү албаныханы өгсөн мэдээллийг хүргэлээ. Мэдээллийн дараа манай сурвалжлах баг Цэргийн Госпитальд очиход бидний дотогш нэвтрүүлээгүй юм.  Учир нь энэ талаар ямар мэдээлэл өгч болохгүй гэсэн үүрэг, даалгавар дээрээс ирсэн. Бид үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид учраа та нарыг оруулах боломжгүй гэсэн тайлбарыг харуул нь өгсөн юм.

 Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл