8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Чилхаажав: Оффшорын хуулийг “Төрийн албанд хамааралтай” болгох гэж байгаа нь цэвэр луйвар

2017-04-13 09:03:00

УИХ-ын чуулган дээр яригдаж байгаа Оффшорын эсрэг хуулийн талаар хуульч Д.Чилхаажавтай ярилцлаа.

- Оффшорын хууль батлахаар УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Та энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

-Одоогийн хууль дээр Оффшор данс нээхийг хориглох тухай яригдаж байна. Улс төрчид Оффшор данс нээхийг гэр бүл, ах дүүгээр нь хязгаарлах гээд байна. Мэдээж хууль ингээд гаргачихвал өөрийн дотны хүний нэр дээр оффшор данс нээнэ гэж байхгүй. Өөр хэний ч нэр дээр хийж болно.Ингэхээр хориглосон биш хамгаалсан хууль болох гээд байна. Хууль гарсаны дараагаар өөрийнхөө нэр оффшор данс нээх хүн байхгүй. Өөр арга замаар хийж эхэлнэ. Тэгэхээр нарийн зохицуулалт хэрэгтэй байна. Хамгийн ноцтой нь оффшортой холбогдуулан хуульд өөрчлөлт оруулах замаар оффшорчдыг хамгаалах гэсэн оролдлогыг УИХ-ын зарим гишүүд гаргаж байгаа нь харамсалтай. Оффшорт мөнгө байршуулах нь манай Эрүүгийн хуулиар хориотой байхад, үүнийг зөвхөн “Төрийн албанд хамааралтай” болгох гэж байгаа нь байж боломгүй луйвар. Энэ нь оффшорчдод гэмт үйлдэлээ нуух боломжийг олгож байна. Хууль шаардлагагүйгээр тэр хүмүүс хариуцлага тооцох бүрэн боломж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд тэр хүмүүсийг хариуцлагаас  хамгаалахын тулд оффшорын хууль батлах гэж байна. Хамаг хөрөнгийг зөөж дууссаны дараагаар оффшорын хуулийг батлах гэж байгаа бол буруу. Оффшорын хуультай хуульгүй тэр хүмүүст хариуцлага тооцож болно.

Оффшор бүсэд мөнгө угаах, хар тамхи зарах гэх мэтчилэн буруу аргаар олсон мөнгөө аваачиж нуудаг газар

-Манай улсаас оффшор данстай 49 хүний нэр ил болоод байгаа. Эдгээр хүмүүс дотор улс төрчид, бизнесмэнүүд хүртэл орсон. Зарим улс төрчид үүнийг тайлбарлахдаа бизнес хийж байгаа хүмүүст оффшор данс байх нь хэвийн үзэгдэл хэмээн хэлсэн. Тэгэхээр бизнес хийдэг хүмүүс оффшор данстай байж болно гэсэн үг үү?

-Оффшор дансанд би ч гэсэн мөнгө хийж болно. Миний хадгалуулсан мөнгө эх үүсвэр тодорхой байх ёстой. Тэр мөнгөө бизнес хийгээд олсон уу, талх зарж, тариа тарьж олсон уу гэдэг эх үүсвэрээ тодорхой гаргаж өгөх ёстой. Мөн хууль ёсны татвараа төлсөн байх ёстой. Төрийн албан хаагч бол хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн байх шаардлагатай. Манайд ил болоод байгаа оффшор данстай эрхэмүүд нэгэн ч татвар төлөөгүй, эх үүсвэрээ тодорхой гаргаж өгөөгүй. Гэхдээ оффшор бүсэд ихэвчлэн хар мөнгө л байдаг. Мөнгө угаах, хар тамхи зарах гэх мэтчилэн буруу аргаар олсон мөнгөө аваачиж нуудаг газар. Оффшор бүсэд байгаа мөнгө дандаа сэжиг төрүүлж байдаг.

-Өчигдөр УИХ-ын чуулган дээр оффшор бүсэд байгаа мөнгийг эргүүлэн татна гэж ярьж байна. Оффшор бүсийг судалдаг эдийн засагчид оффшор бүсэд байгаа мөнгийг хэзээ ч эргүүлэн татах боломжгүй гэж ярьж байна. Тэгэхээр тэр 17 тэрбум төгрөгийг эргүүлэн татах боломж байна уу?

-Боломжтой. Олон Улсын гэрээ конвекцед манай улс нэгдсэн. Үндэстэн дамнасан корпорацийн хууль бус санхүүгийн  гэмт хэрэгтэй тэмцдэг авлигын эсрэг хууль гэж байдаг. Оросууд гэхэд оффшор данстай нэр эрхэмүүдийг оффшор данс дахь мөнгөө авчрах хугацаа хүртэл өгсөн. Авчирсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ярьж байна. Манай улс одоо л нэг ярьж эхэлж байна.

-Та түрүүн хэлэхдээ эх үүсвэрийг тогтоох хэрэгтэй гэж хэллээ. Тэгэхээр тухайн хүний оффшор дансанд байгаа мөнгөний эх үүсвэрийг хэрхэн яаж тогтоох вэ?

-Оффшор данстай эрхэмийг монголд ямар бизнес эрхэлж байсан талаар тухайн компанийн талаар бүртгэл бий ш дээ. Тухайн компанийн хэр ашигтай ажиллаж байсан талаар бүртгэл нь хүртэл байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжих оролдлого хийсэн бол энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Ер нь бол 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн бол цаад эх үүсвэр нь хаанаас орж ирсэн гэдгийг тогтоох хуультай. Тухайн мөнгийг хаанаас орж ирсэн гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Энэ бүх зүйл заалт нь хуулинд байгаа, үүнийг ашиглах хэрэгтэй. Хамгийн харамсалтай Оюутолгойн гэрээ хийсэн мөнгө монголд байхгүй шууд гадаад руу гарч байгаа учраас мэдэх боломжгүй байна. Гэтэл одоо УИХ-ын гишүүд оффшорын хууль батлагдсаны маргааш нь төрийн албан хаагч оффшор данс нээлгэвэл тэрийг шоронд хийх тухай яриад байна. Гэтэл дэлхийн улс орнууд оффшор бүсийг эсэргүүцэж оффшор данстай хүмүүст  хатуу хариуцлага тооцож хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. АНУ, Хятад, Канад, Япон, Энэтхэг гэх мэт улс орнууд оффшортой тэмцэх шалгах тусгай комисс байгуулсан байна.

-Оффшорчдыг оффшорын хууль батлахгүйгээр Эрүүгийн хуулиар шалгах боломж байна уу?

-Монгол Улсын эрүүгийн хуулийн 166-р зүйлд Татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, 270-д хууль бусаар хөрөнгөжсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Тухайн хүний мөнгийг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсанаас шалтгаалан Эрүүгийн хариуцлага үүснэ. Албан тушаалаа урвуулан ашигласан, эх орноосоо урвасан гэх мэтийг шалгах ёстой. Элчин сайд С.Баяр гэхэд хууль бус мөнгөөрөө долоон хаус худалдаад авчихсан байна. Одоо С.Баяр хаусаа худалдахад тэр мөнгө цэвэр мөнгө болно гэсэн үг. Мөнгө угаах гэдэг нь үүнийг л хэлээд байгаа юм. Тийм учраас л эх үүсвэрийг нь олох ёстой.

-Сүүлийн оффшорын эсрэг АТОЗ нэлээд тэмцэж жагсаж байгаа. Та үүнийг хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Ард түмэн бид оффшорчдын эсрэг тэмцэх хэрэгтэй. Монголын төр тэмцэхгүй өнөөдрийг хүртэл хойшлуулж ирсэн. Улс төрчдийн хэлж байгаа зүйл нь хууль байхгүй учраас тэмцэх боломжгүй одоо хууль гаргаад тэмцэнэ гэж ярьж байна. Хуульч хүний зүгээс хэлэхэд дотооддоо шалгах бүрэн боломжтой учраас шалгах хэрэгтэй. Авлигын эсрэг конвекцд манай улс нэгдсэн. Ийм улс бол авлига оффшортой холбоотой мэдээллийг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй.

“Ард Түмний онц зөвлөл”-ийн тэмцлийг бүрэн дэмжиж байна. Тэдний шаардлагыг биелүүлэх, нэр бүхий улс төрчид, гэмт этгээдүүдийг нэн даруй огцруулах, эргүүлэн татах, эрүүгийн журмаар шалгахы эрх баригчдаас шаардаж байна. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж байгаа энэ үзэгдлийг таслан зогсоохын төлөө нэгдэх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Negtehtun,temtsehtun
2017/04/13 122.151.239.208