23o
Улаанбаатар хот
mobile menu

2015 оны анхаарал татсан 10 хууль

2015-12-30 14:15:00

Улиран одож буй 2015 он улс төрийн хувьд тогтворгүй байсан ч УИХ багагүй ажил амжуулжээ. Учир нь энэ онд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан, салбарынхны ажлыг саадгүй явуулах хэд хэдэн хууль батлагдаж, зарим нь хэдхэн хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх гэж байна. Chuhal.mn сайт 2015 оны анхаарал татсан 10 хуулийг танилцуулж байна.
 

Өршөөлийн тухай хууль

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ны өдөр УИХ –ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан. Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй бөгөөд  бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулсан. Багагүй хугацаанд маргаан дэгдээж батлагдсан Өршөөлийн хуулиар 2071 хүн суллагдаж байна. Мөн үүнээс гадна суллагдсан хүмүүсээс 29 нь дахин гэмт хэрэг холбогдсон байна. 

 

Хамтын тэтгэврийн тухай хууль

Энэ сарын  04-ний өдөр Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийж, 88.1 хувийн саналаар дэмжин баталан. Энэхүү хууль нь  даатгуулагчдын хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм. Харин хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх хэдэн жилийг хамруулахыг Засгийн газраас журам гарган шийднэ. Хуульд зааснаар гэр бүлээ албан ёсоор батлуулан 15-аас дээш жил амьдарсан ахмад настан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувийг хань нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авахаар болж байгаа юм. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо  бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн ба бодит хувь хэмжээг Засгийн газар шийдвэрлэнэ. Тэгэхээр Засгийн газар тухайн жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хүртэл хувиар тогтоох боломжтой” юм.  


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан.  Уг хуулийг 2015 оны 09-р сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Шинэ хуулиар зөрчвөл гаргавал хатуурхан арга хэмжээ авах буюу торгохоор тусгасан. Тухайлбал,  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасуулна. Ядарсан ажилтнаараа жолоо бариулбал 576 мянган төгрөгөөр торгоно. Хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар үүрэглэж яваад осол гаргах тохиолдол цөөнгүй бий. Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 19200 төгрөгийн торгууль төлнө гэх мэтчилэн голчлон  торгохоор болсон байгаа. 


 Эрүүгийн хууль

Энэ сарын 07-ны өдөр Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг хамтад нь баталсан. Эрүү, Зөрчлийн шинэ хуулийг ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө. Өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль болон Эрүүгийн хуульд ижил гэмт хэрэгт захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гэсэн хоёр өөр стандарт тогтоож, хариуцлагыг ялгавартай оноосноос нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших боломж олгож, нөгөө талаар хуулийн байгууллагын албан хаагчид хуулийн хуулийн нэрээр далайлган хувьдаа хожоо хайх, бизнес эрхлэгчдийг дарамтлан хөлжиж бэлжих нөхцөлийг бүрдүүлдэг байв. Харин Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг нэг шугам дээр тавьснаар өмнө бий болоод байсан давхардсан стандартууд үгүй болж, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргасан этгээдэд хүлээх хариуцлага тодорхой болсон. Тодруулбал, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсантай холбоотойгоор өмнө үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүй болгож, салбарын хуулиудад орсон давхардсан заалтуудыг Эрүү, Зөрчлийн хуулиар зохицуулана. Өмнөх хуульд байсан “давтан гэмт хэрэг”-тэй холбоогүй бөгөөд “Нэг хэргийн улмаас хоёр удаа ял шийтгэхгүй” гэдэг хуулийн үндсэн философийн дагуу давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халсан байна. Мөн хөнгөн ялыг хүндэд багтаадаг байсныг халж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оноохоор болжээ.Түүнчлэн  “Иргэнд байхгүй эрхийг төр эдлэх ёсгүй” гэсэн нийгмийн гэрээний онолын дагуу цаазын ялыг хааж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, хүүхдийн ялыг өөрчилж /хорихоос өөр төрлийн ялаар сольсон/, “эрүүгийн хариуцлага” гэсэн ерөнхий ойлголтыг “ял”, “албадлагын арга хэмээ” хэмээн тусад нь зааж өгсөн байна.

 

Эдийн Засгийн ил тод байдлын тухай хууль

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг баталсан. Энэхүү хуулиар нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, энэ чиглэлээр гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан бөгөөд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлж  өгсөн.  Дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
2.Татварын ерөнхий хууль;
3.Нийгмийн даатгалын тухай хууль;
4.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
5.Гаалийн тухай хууль;
6.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн  этгээд хамаарна. 
 Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд уг хууль мөн адил  үйлчилнэ. Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа энэ сарын 31-нд дуусах байсан ирэх хоёрдугаар сар болтол хойшлуулаад байна. 


Нийслэлийн татварын тухай хууль

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын чуулгаар нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлж байжээ. Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч бол НӨАТ-ын буцаан олголтоос нэг хувийн шимтгэл авахаар хуулийн төслийг боловсруулсан юм. Ингэснээр нийслэл жилдээ 40 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас төвлөрүүлнэ хэмээх тооцоог хууль санаачлагчид хийсэн юм.  Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан.  Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс НИТХ-ын ээлжит 29-дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг  нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан юм. 


Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан билээ. Эмэгтэй гишүүд энэ төслийг гаргах, УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд 2012 оноос хамтарч ажиллаж эхэлсэн юм. 2016 оны 1-р сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл,  68 хэсэг, 10 заалттай бөгөөд бүлгүүдэд дараах асуудлуудыг тусгажээ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр  цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 2-5 насны 52300 мянган хүүхдэд адил тэгш боломж бүрдэхийн зэрэгцээ тэднийг харж    хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа 31413 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч  тодорхой хөдөлмөр эрхэлснээр өрхийн хөгжлийг дэмжих, гэр бүл байнгын баталгаатай, орлоготой болох давуу талтай болох юм. Хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь нэг хүүхдийн  сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох юм байна.  

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ ирэх оноос цахим хэлбэрт шилжиж НӨАТ төлөгчийн худалдаа хийсэн бүх мэдээлэл татварын байгууллага, Сангийн яаманд цахим хэлбэрээр төвлөрнө. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болно гэж үзэж байгаа. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэнэ. Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ- ын босго 10 сая төгрөг байгаа, Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж үзжээ.

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан байгаа. Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Ирэх оноос худалдан авалтын баримт шинэ загвараар гарах юм. Мөн долоо хоногийн дараагаас кассын шинэ машин ашиглаж эхэлнэ. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа юм. Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.

Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай заажээ. Түүнчлэн энэхүү хуулийг зарим эдийн засагчид аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдийг бизгесийн хүрээнээс шахан гаргах магадлалтай хэмээн буруутгах нь ч бий. 

 

Телевизийн нэвтрүүлгүүдэд үндэсний агуулга шингэнэ

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан энэхүү хууль нь 2016 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгааг онцлоод, хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, "Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн бүтээлийг, "үндэсний кино” гэж зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, эвлүүлгийн багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх бүх төрлийн кино байхаар заажээ. Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд туссан.

 

Сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдлаа

Гурван ч төсөл явж байснаас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслийн нэгтгэж оруулснаар ажлын хэсэг дээр нэлээд хэлэлцсэний эцэст өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хууль батлагдлаа. Сонгуулийн тогтолцоо өмнөх сонгуулийнхтай адил 48/28 гэсэн холимог хувилбар хэвээр байхаар болов. Өөрөөр хэлбэл, 28 нь намын жагсаалтаар 48 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Мөн  энэ удаа сонгуулиар санал хураах хуудастай хамт жагсаалтаар орж ирэх хүмүүсийн нэрстэй хуудас хэвлэгдэн сонгогчийн гарт очих юм.УИХ-ын сонгууль холимог системээр явагдах бол орон нутгийн сонгууль можаритор системээр явагдана. Өмнө нь УИХ-ын сонгууль нийслэлийн сонгуультай хамт явж байсныг аймаг, нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгуулийг хамтатган зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулахаар болж байна.


Сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног байсныг ажлын хэсэг, байнгын хорооноос 14 хоног болгожээ. Намууд санал тоолох дээр маргаж ойлголцолд хүрэхгүй уддаг. Тэгвэл энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай болж чадсан учир нь саналын хуудсыг тоолохдоо хар машинаар тоолсны дараа дахин гараар текникийн тооллого хийнэ. Энэ тооллогыг хуульд 24 цагийн дотор гэж зааж өгсөн байгаа. Энэ нь тавин хувийг сугалаагаар санамсаргүй байдлаар сонгон хар машины саналтай тулгана гэсэн үг.


Энэ удаагийн Сонгуулийн хуулийн бас нэг онцлог нь Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн хуулиуд байхгүй болж, Сонгуулийн нэгдсэн нэг хуультай болж байгаа юм. Мөн санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болох буюу сонгогчдын 28 хувийн санал аваагүй байсан ч ирц хүрээгүй гэж сонгуулийг дахин явуулахгүй байх өөрчлөлт оруулж байгаа юм байна. Саналын хуудсанд намуудын нэрсийн дараалал Дээд шүүхэд бүртгэгдсэн он сар өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар бичигдэнэ. Сонгуулийн өдрөөс 24 цагийн өмнө бүх самбар, сурталчилгааны зурагт хуудас, намын туг далбааг авах ёстой байдаг өмнөх хуулийн заалт энэ удаа өөрчлөгдөж орж ирсэн. Сонгуулийн өдөр ч сурталчилгааны самбар, туг дарцаг, зурагт хуудсыг авахгүй байж болохоор хуульд оруулж өгчээ. Мөн сурталчилгааны самбарыг хувь хүн, байгууллагаас түрээслэхгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд үнэ төлбөргүй самбараа байрлуулах юм байна. Сонгуулийн ямар нэг маргаан гарахад сунжирч, хоёр гурван жилийн хугацаа авахдаа тулдаг бол үүний хугацааг зааж өгч, 60 хоног буюу хоёр сарын хугацаанд шийдвэрт хүрч болохоор болсон байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Mongolcomment TV9 Chuhal. 2016.
2016/03/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 323