
УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш 13.00 цагаас Сүхбаатарын талбай дээр жагсахаар болжээ. Тэрбээр өчигдөр УИХ-ын чуулган дээр “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д орох гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана.Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэсэн юм.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              