8o
Улаанбаатар хот
mobile menu

Урамшилт эргүүл ажиллуулсан нь гэмт хэргийн бууралтад нөлөөлж байна

2017-04-15 14:20:00

Урамшилт эргүүл ажиллуулсан нь гэмт хэргийн бууралтад нөлөөлж байна

Нийслэлийн хэмжээнд 2017 оны  нэгдүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу -11.3 хувиар буурсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна.

Гэмт хэрэг буурахын зэрэгцээ илрүүлэлт нэмэгдсэн байна. Тодруулбал, гэмт хэрэгт бүртгэгдэх үед сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3.0 хувиар өссөн таатай тоон үзүүлэлт байна.

Тус цагдаагийн газраас гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл, зөөврийн хяналтын камер ажиллуулжээ.

Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэдийг сонгон хэв журмын урамшилт эргүүлээр ажиллуулж байгаа нь гэмт хэргийн гаралт буурах нэгэн шалтгаан болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл