8o
Улаанбаатар хот
mobile menu

4829 айл өрх орон сууцанд оржээ

2017-04-15 10:05:00

4829 айл өрх орон сууцанд оржээУлсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдөр үдээс хойших хуралдаан 15 цаг 40 минутад гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсов. Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд  Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээллийнхээ эхэнд Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтын хүрээнд энэ асуудлыг шийдэх эдийн засгийн боломжгүй, хүндрэлтэй байгаагаас шалтгаалан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах эрх авсан аж ахуйн нэгж, компанийн санхүүжилтын хүрээнд шийдвэрлэж ирсэн. Тухайлбал одоогийн байдлаар УБ хотын гэр хорооллын 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 4829 айлыг орон сууцанд оруулаад байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс одоогийн байдлаар асуудал нь шийдэгдээгүй, хүндрэлтэй байдалд орсон иргэдээс 162 өрхийн асуудлыг шийдвэрлэснийг онцлов.

Тэрээр, БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын дэд бүтэц, иргэдийн дамжин суурьших зориулалт бүхий 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг энэ сард багтаан эхлүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Дээрх 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн зөвхөн 28-д нь ажил өрнөж байгаа учраас дээрх компаниудын санхүүгийн боломж, ажлын ачаалал, тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг харгалзан дахин хуваарилалт хийн бусад компаниудын оролцоог хангах шийдвэр гаргасан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 93,8 га газрыг, Сонгинохайрхан дүүрэгт 67,3 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулах эрхийг тус тус нэг компанид өгснөес ажил явахгүй байгааг мэдээлэлдээ дурдав.

Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр гэр хорооллын дэд бүтцийн иж бүрэн төсөл хэрэгжүүлэхээр Баянхошуу, Сэлбэ дэд бүтцийн төсөл эхлээд байна. Мөн АХБ-наас орлогод нийцсэн орон сууц буюу хямд өртөгтэй амины орон сууцны хөтөлбөрийг 2018 онд эхлүүлнэ.Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпорацийн хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлнэ. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн шийдэл нь сервис центр буюу дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа барилгын компаниудын хүчийг зөв хуваарилан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.

 

Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэлдээ Монголбанкны зүгээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлснийг дурдав.

3асгийн газар, Монголбанкны хамтарсан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссанаар Монголбанк ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үүрэг дууссан. Гэхдээ хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж Монголбанкны зүгээс өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтөөр хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлж ирсэн. Энэ нь орон сууны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт томоохон дэмжлэг болсон. Мөн Монголбанкнаас банкуудад 2016 оны 10 дугаар сараас хойш нийт 2502 зээлдэгчийн 169,5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэр олгосон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкнаас банкинд олгосон боловч эргэн төлөгдөөгүй байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл нэг их наяд 92 тэрбум төгрөг байна. Монголбанкнаас банкуудад олгосон дээрх эх үүсвэрээс нэг их наяд 41 тэрбум төгрөгийн ипотекийн эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааг 2016-2017 онд таван удаа сунгалаа. Ингэснээр банкууд үнэт цаасжуулалтын үйл ажиллагаа дуустал хүүгийн зөрүүний алдагдал хүлээхгүй, иргэд болон аж ахуйн нэгж дээр хүүгийн дарамт үүсэхгүй, эх үүсвэр эргэн татагдахгүй байх, иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Монголбанкнаас 2016 оны 10 дугаар сард баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам”-д банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгасан. Ингэснээр иргэдийн орон сууцны зээлийн сарын төлбөрийн дарамт үлэмж буурч, хүртээмж сайжрах, улмаар барилгын салбарын борлуулалт өсөх ач холбогдолтой байсан. Тухайлбал, найман хувийн хүүтэй 70 сая төгрөгийн зээлийн хугацаа 20-30 жил болж уртсахад сарын төлбөрийн хэмжээ 585,5 мянган төгрөгөөс 513,6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна. Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам” баталж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК, банкуудтай “Орон сууцны ипотекийн санхүүжилтын ерөнхий гэрээ"-г тус тус байгуулан, эдгээрийн хүрээнд орон сууцны зээлийн санхүүжилтын хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ онцоллоо.   

 

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, Д.Сумьяабазар, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Д.Сарангэрэл, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Б.Батзориг, М.Оюунчимэг, А.Сүхбат, Л.Элдэв-Очир, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн хувьд газраа чөлөөлсөн иргэдийг нэн түрүүнд орон сууцтай болгох,  түрээсийн орон сууцанд амьдрах иргэдийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, нийслэлийн хөрсний бохирдол, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ дэд бүтцийн асуудлыг тооцсон эсэх, орон нутаг болон нийслэлийн иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээг илүүтэй сонирхож байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Бид гэр хорооллын суурьшлын бүсийн шинэ шийдлийн төслийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой хамтран  гаргаад байгаа. Үүнийгээ өчигдөрхөн Засгийн газарт өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын суурьшлын бүсийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд нийслэлийн төсвөөс 56,3 тэрбум, Барилга, хот байгуулалтын  сайдын багцаас 10 тэрбумыг дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг шийдвэрлэхээр тендер зарлах бэлтгэл ажил дуусч байна. Мөн ипотекийн зээлийн асуудлыг шийдэхэд нэг их наяд төгрөг шаардлагатай байгаа ч 2017 онд улсын төсвөөс энэ асуудалд 300 тэрбум төгрөгийг зориулахаар баталсан. Уг нь 600 тэрбум төгрөг батласан бол орон нутагт 200 тэрбум, нийслэлд 400 тэрбумыг зарцуулж, ипотекийн асуудлыг нааштай шийдэх боломж байлаа гэж хариулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг нь хөрсний бохирдол болоод байгаа. Иймд хөгжингүй орнуудын шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар бид судалж байна. Мөдхөн Япон улсад албан томилолтоор ажиллахдаа хөрсний бохирдлыг шийдэх технологийн шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзахаар тохирсон. Мөн удахгүй гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажил эхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бид 2020 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорин ажиллаж байна. Газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд зарим барилгын компаниудын гэрээг цуцлах, иргэдийг түр орон сууцанд оруулах арга хэмжээг үе шаттайгаар авж ажиллаж байгаа гэж байлаа.

Хуралдааны төгсгөлд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар үг хэлэв. Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэдийн хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал болоод байгаа. Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл сонсч, Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар бодлого гаргаж, бодит нөхцөл байдлыг ярилцан, гарц хайн ажиллаж байгаад талархаж байна.  Цаашдаа Засгийн газар, салбарын яам нь бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр
"Санал асуулга" буланд бичсэн нэрсүүдийн овгийг анхаарах хэрэгтэй юм шигээ Ерөнхийлөгч байсан хүнээ мэдэхгүй хуудуухан юм хийж дээ.Эсвэл зориуд эдгээр хүмүүсээр тогосоор байх уу?
2017/04/16 202.179.23.89