8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт”-ийн маргаан ба “одой” хааны үлгэр

2017-04-17 10:54:00

Холливуудын ихэнх хүүхэлдэйн кинонд үлгэрийн баатар ханхүү, үзэсгэлэнт гүнжээ маш олон саад бэрхшээлийг даван байж аварч, дараа нь аз жаргалтайгаар амьдарч амар сайхандаа жаргаж буй тухай гардаг. Гэтэл “Шрек” гэх хүүхэлдэйн кинонд энэ бүхэн эсрэгээрээ. Үзэсгэлэнт гүнжтэй гэрлэх гэсэн “одой” хаан өөрийнхөө өмнөөс гүнжийг авруулахаар Шрекийг явуулдаг. Тэрбээр, маш олон саад бэрхшээлийг давж “одой” хаантай гэрлэх гүнжийг аварна. Харин гүнжийг авч ирсэний дараа “одой” хаан ямар ч ичих булчирхайгүйгээр гүнжийг өөрийг болгож, улмаар гэрлэх санал тавьж буй үйл явдал гардгийг уншигч та санаж буй биз.

Энэ бүхнийг яагаад бичих болов гэхээр, “Эрдэнэт” гэх цуутай үйлдвэрийн 49 хувийн маргаан яг л энэ киноны үйл явдал шиг өрнөж байгаа юм. Олон жилийн турш ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хууль ёсны дагуу худалдан авсан. Тэд өөрсдөө мөнгөө олж, маш олон гэрээ хэлцэл зэргийг давж явсаар “гүнж-ийг эх орондоо авч ирсэн хэрэг. Гэтэл монгол төр яг л “одой” хаан шиг бэрхшээл саад бүрийг давж явсаар аваад ирсэн “гүнж”-ийг нь минийх хэмээн булааж авчихаад, гэрлэх сүйлэх тухай яриад давхиж явна. Монголын төр, хувийн хэвшил хоёр дунд үүссэн маргаан яг л Шрек, Одой хаан хоёрын дүрийг санагдуулаад байгаа учраас л Холливуудын киног жишээ болгон дурьдсан нь энэ юм. Асуудлыг эргэн сануулъя. УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.долларын өөрийн хөрөнгө босгон худалдан авсан тухай өнгөрөгч Засгийн газрын удирдлагууд дуулиан шуугиантай олон нийтэд зарласан билээ.

Эндээс л хоёр намын дунд эцэс төгсгөлгүй маргаан эхэлсэн гэхэд болно. Хувийн хэвшил хууль ёсны дагуу худалдаад авчихсан хөрөнгөд санаархсан МАН-ынхан Ардчилсан нам Төв банкнаас баахан мөнгө хэвлэж өгөөд, түүнийг нь Худалдаа хөгжлийн банк ам.долларт хөрвүүлээд худалдаад авчихлаа гэсэн хуурамч мэдээлэл тарааж сүржигнэсэн удаатай. Хэрвээ асуудал ийм байсан бол өнөөдөр яагаад хууль хяналтынхан шалгахгүй байна вэ. Тэд төрийн өмчийг дур мэдэн булааж, бүр болоогүй төрийн мөнгөөр худалдаж авсан бол хэдийнэ “хэцүү нэрт”-ийн хаалга татчих ёстой бус уу.

Харамсалтай нь тийм зүйл болоогүй учраас өнөөгийн төр өмнөх нийгмийн хоцрогдсон аргаараа хувийн өмчийг хулгайлж авснаас өөрцгүй үйлдэл гаргасан хэрэг л дээ. Төр буруугүй байсан бол гэмт хүн шиг гэлбэлзэх хэрэг байсан уу. Нүүр бардам алхаж очоод хувиа хуулийн дагуу буцааж авч болох л байв. Ардчилсан нам шиг албан ёсоор зарлаж, шоу хийж болох л байсан. Гэтэл томилсон дарга нь хүртэл тамгаа олны нүдэнд ил авчихаж чадахгүй л гэлбэлзэж байгааг худлаа гэж хэлэхгүй биз ээ. “Одой” хаан шиг олны нүднээс нуугдан хувийн өмчийг шуудхан хулгайлсан. Хүмүүсийн анхаарал татахгүй байхыг ч талаар хичээж буй гэнэ лээ. Арга ч үгүй. “Эрдэнэт” бол үе үеийн улстөрчдийн саалийн ганц үнээ байв.

Тэр тусмаа МАН-ынхан энэ үйлдвэрийн буяныг их л олон жил хүртсэн дээ. Шахааны бизнес хийдэг гол суваг нь хаагдах вий гэхээс тэд сүнсээ зайлтал айж байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүртэл төрсөн хүүгээ Эрдэнэт үйлдвэрт шахаа хийлгэхээр явуулж байсныг АН-ын дарга илчилж, Ц.Нямдорж ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Цаашдаа ч шахааны олон маапааныг АН-ын гишүүд илчлэнэ хэмээн хэвлэлд ярьсан байна билээ. Ах намынхан үе удмаараа үр ашгаас нь хүртэж ирсэн, саалийн үнээнээсээ салахгүйн тулд хувийн өмчийг хууль бусаар хулгайлж авчихаад сууж байгаа. Энэ бузар үйлдлээ тэд төр өмчөө авлаа гэсэн ядмагхан үгээр халхавчилж сууна Цаашид хоёр талын маргаан хэрхэх бол. “Монголын зэс” корпораци мэдээж зүгээр суугаад 400 сая ам.доллараа алдахыг хүсэхгүй нь тодорхой. Энэ бол нэг, хоёрхон сая төгрөгийн асуудал биш.

Бүхэл бүтэн нэг компанийн хөрөнгө, санхүү энд яригдаж байгаа. Тиймдээ ч тус корпорацийнхан олон улсын шүүхэд хандаад ч хамаагүй хөрөнгөө буцааж авахаа мэдэгджээ. Хэн ч төр авчихлаа, одоо яах билээ хэмээн харж суусаар дампуурахыг хүсэхгүй биз. Олон улсын шүүхээр энэ маргаан маш олон жил үргэлжилнэ. Хамгийн багадаа л 2-3 жилийн турш шүүхдэлцэнэ. Олон улсын шүүхийн шийдвэр мэдээж хувийн хэвшлийн талд гарч таараа. Харин тэр болтол МАН-ынхан дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь ээ. Энэ намд “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажиллах эсэх огт хамаагүй. Зөвхөн хувьдаа ашиг олох л чухал. Төрийн албан тушаалаас зургаан тэрбумыг босгож чаддаг тэдний хувьд “Эрдэнэт” үйлдвэрт эзэн сууснаар хэчнээн тэрбум төгрөг халаасандаа хийхийг хэлж мэдэхгүй нь, уучлаарай. Магад идсээр дампууруулж мэдэх л хүмүүс. Дараагийн сонгуулийн мөнгөө ч босгоно. Иймэрхүү утгатай саналаа ч аймгийн намын хороогоор дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад гаргаж эхэлсэн мэдээлэл бий.

Нөгөө талаар, улс төрийн зорилготой энэ маргаан дуусахгүй үргэлжлэх тусмаа “Эрдэнэт” үйлдвэр юу болж хувирах вэ. Энэ маргааны хохирогч нь төр өөрөө болно. Тав, арван жил маргаан үргэлжилж мэдэх ч эцэст нь Эрдэнэт хотын ард түмэн, үйлдвэрийн ажилчид, төр өөрөө л энэ бүхний хохирогч болж үлдэх билээ. Шүүхийн шийдвэр хувийн хэвшлийн талд гарч, маргаан үргэлжилсэн хугацааны нөхөн төлбөр, хууль бусаар булааж авсан алдагдал зэргийг эргүүлэн төлөх шийдвэр гарвал хэрхэх вэ. Худлаа наргисан юм аа, хувааж идэж боллоо гээд эргүүлээд өгөх хэрэг үү. Энэ мэтээр “Эрдэнэт”-ийн асуудал ээдрээ дагуулсаар байна.

“Ростех” компани, “Монголын зэс” корпораци хоёрын 49 хувиа наймаалцсан гэрээ өнөөг хүртэл албан ёсных байгаа гэдгийг учир мэдэх эдийн засагчид онцолж эхэлжээ. Хэрвээ төр хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хувийн хэвшилд зарсан 49 хувийг нь хууль бусаар эзэмшээд эхэлвэл “Ростех” мэдээж зүгээр суухгүй. Албан ёсны гэрээ дуусаагүй учраас бид хувиа буцааж авлаа гэчихвэл бид байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорно. Магад маргааны үр дүнд 49 хувь өөр нэг улс орны өмч болж хувирч мэднэ гэдгийг МҮХАҮТ-ын тэргүүн Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Эдийн засагчдын тайлбарлаж буйгаар “Ростех”, “Монголын зэс” хоёрын хийсэн гэрээнд “Гэрээ 18 сар хүртэл хүчинтэй, энэ хугацаанд гуравдагч хүчинд худалдах эсвэл шилжүүлэх юм бол 100 сая ам.долларыг өр төлнө” гээд маш тодорхой заачихсан юм билээ. Тэгэхээр хэзээ ч хамаагүй тэд гэрээгээ цуцлах эрсдэлтэй. Дараа нь Хятад, Япон зэрэг аль нэг улсад илүү ашигтайгаар зарчихлаа, ард түмний өмч байх үлгэр лөөлөө болох билээ.

Энэ мэтээр маш олон сөрөг үр дагавар “Эрдэнэт”-ийн маргааныг дагалдан гарч ирж байна. Түүнчлэн, Үндсэн хуульдаа хувийн өмчийг хуулиар хамгаална гэж заачихаад феодалын хөрөнгө хурааж байгаа аятай ширхэг ч төгрөг буцааж өгөхгүйгээр дээрэмдсэн Засгийн газрын энэ үйлдэл олон улсад муухайгаар харагдлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувийн хэвшлээс булааж авснаараа Монголд хувийн компанитай гадаадынхан ажиллана гэсэн ойлголт байхгүй болж байна. Монголд коммунист нийгэмд эргээд ирснийг энэ үйлдлээрээ тэд дэлхий дахинд тунхаглав. Хувийн хэвшлийг нухчин дардаг, хууль ёсны өмчийг ч хулгайлж, бүр дээрэмдэж чаддаг гэдгээ тэд дэлхий дахин яруу тодоор баталж өглөө.

Б.Тулга

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
өвгөн
хаангуй би чиний сул хөрөнгөөр юм худалдаж авчихаад хуцаа гээд л суух уу? эрд-ийг олон нийтийн оролцоотой үйлдвэр болго ...
2017/04/17 49.0.212.138
Д.Өлзий
Сэтгэгдэл бичих гэхээр хүлээж авахгүй юм юу болоод байнааа???
2017/04/17 203.91.115.35