Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн бол сургуулийн насны 3 хүүхэд гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдсөн 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэгджээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийхаа хүүхдүүдтэйгээ тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн хэрэг гарсан байна.Мөн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон байна.