Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 195 дугаар тогтоолын дагуу энэ онд улс орон даяар явагдсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгт Улсын Их Хурлын Тамгын газар амжилттай оролцон 95.7 хувь буюу “А” үнэлгээ авч Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагддаг төрийн байгууллагуудын хэмжээнд тэргүүн байр эзэлж Батламж, 500 мянган төгрөгөөр шагнагдсан байна.
Уг шагналыг Архивын ерөнхий газрын дарга И.Саруул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2015.12.30/ гардуулж, баяр хүргэлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар шагнал гардаж авах үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газар цахим архив төсөл хэрэгжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны холбогдолтой архивын материалуудыг олон нийтэд аль болох нээлттэй байлгахад анхаарч ирснийг дурдаад цаашид архивын материалуудыг төрөлжүүлэн ангилж архивлах зорилттой ажиллаж байгааг онцоллоо.
Улс орон даяар явагдсан энэхүү улсын үзлэгт төрийн захиргааны болон төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд, орон нутгийн засаг захиргааны байгууллага зэрэг 3580 орчим байгууллага хамрагджээ. Үүнээс Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон удирдлага нь томилогддог байгууллагууд, яам, агентлагууд, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын ажлын зохион байгуулалтыг улсын үзлэгийг зохион байгуулах төв комисс шалгасан байна.