8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Оффшорын хуульд хоёр муу тал байна

2017-04-18 09:50:41

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль гэж ярьж буй/ батлагдсан. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Та бол оффшор данстай тэмцэж, байр сууриа илэрхийлдэг гишүүдийн нэг. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан “Оффшорын хууль”  таны хүссэн хэмжээнд батлагдаж чадсан болов уу?

-Энэ хуульд нэг сайн, хоёр муу тал бий. Сайн тал нь Монгол Улс анх удаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшорт данс эзэмших, хөрөнгө мөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглолоо. Мөн төрийн албанд томилогдож байгаа хүмүүс оффшортой холбоотой мэдээллээ Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гаргаж өгөх үүрэг хүлээж байгаа.

Муу тал гэдэг нь оффшор данстай, оффшорт хөрөнгө мөнгө байршуулсан хүмүүсийн хөрөнгийг Монгол руу татах тал дээр ямар ч зохицуулалт энэ хуульд орсонгүй. Тухайлбал, Панамын гэх тодотголтой мэдээллээр ил болсон 50 гаруй хүмүүсийн хөрөнгийг эх орондоо татах чиглэлээр ямар нэгэн зохицуулалт хийх боломж энэ хуульд байхгүй. Хоёр дахь муу тал нь хууль эргэж үйлчлэхгүйгээр хийгдсэн. Эргэж үйлчлэхгүй гэдэг нь өмнөх оффшорчдоо өршөөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл нь тодорхойгүй, татвараас нуусан их хэмжээний мөнгөн хөрөнгийг оффшор бүс нутагт зувчуулсан төрийн албан хаагчид хуулийн үйлчлэлийн гадна үлдэж байна гэсэн үг. Тиймээс иргэд бухимдалтай байгаа.

Гэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар хөрөнгөө нуусан, хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зугтсан, мөнгө угаасан гэх мэт зүйл ангиар өмнөх албан тушаалтнууд шалгагдах ёстой.  Шалгагдах боломжтой гэдэг хариултыг эрх баригч нам өгч байгаа. МАН олонхиороо Оффшорын хуулийг батлан гаргасан. Сөрөг хүчний зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч зарим нь дэмжигдсэн, зарим нь унасан. Тухайлбал, төрийн албан тушаалтны хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн үйлчлэлд хамруулах санал дэмжигдсэн. Дөрвөн жилийн өмнө миний санаачлан, өргөн барьж байсан Оффшорын хуулийн гол заалтууд энэ хуульд тусгалаа олоогүй. Явцын дунд УИХ, Засгийн газар хуулийн зүйл заалтуудыг засч залруулаад, сайжруулаад явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.

-Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч, тэдний ойр дотны хүмүүс Оффшорын хуульд хамрагдаж байгаа. Зарим гишүүд найз нөхдийг нь хүртэл орууллаа гэж шүүмжлээд байсан. Ийм их хүнийг шалгаж ажиллана гэхээр АТГ-т нилээд ачаалал ирэх байх, тийм үү?

-Хамаарал бүхий этгээд гэдгийг хуульд тодорхой томьёолсон байгаа. Гэр бүлийн хүмүүс, аав, ээж, ах, дүү, тусдаа гарсан үр хүүхэд гэж орсон. Хамаатан садан, худ ураг, найз нөхдийг хамаарахгүй.

-Оффшорын хууль “Төрийн эмхэтгэл” сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бололцооноос эхлээд амьдрал дээр шууд хэрэгжүүлэх боломж байна уу?

-Хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. АТГ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газар хуулийг хэрэгжүүлж ажиллахын тулд хамтарч ажиллах үүрэг хүлээж байгаа. Өмнө нь оффшорт данстай, хөрөнгөтэй байсан хүмүүсийг өмч хөрөнгөө эх орондоо татуулах нь хуулийн нэн тэргүүний зорилт байсан боловч ийм заалт ороогүй. Уг нь хууль, хяналтын байгууллага хүсэх юм бол оффшортой тэмцэх боломж манай улсад хангалттай бий. Наад зах нь хууль бусаар хөрөнгөжих, татвараас нуугдах гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд байдаг шүү дээ.

-Хамгийн гол нь парламентад сууж байгаа, сууж байсан оффшортой хүмүүстэйгээ тэмцэх  хууль батлагдсангүй гэсэн шүүмжлэл яваад байна л даа?

-2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүдийн байж байгаа царай нь энэ. Дутуу дулимаг хууль баталсан нь үнэн. Дөрвөн жилийн өмнө миний өргөн барьсан хуулийн төслийг баталсан бол асуудал өөрөөр шийдэгдээд явах байсан. Үнэнийг хэлэхэд, хоёр том нам, улс төрийн бусад хүчнүүдэд оффшортой тэмцэх чин хүсэл, сонирхол байхгүй байна.

-Ардчилсан намын даргын сонгуульд та нэр дэвшсэн. Сонгуулиар ялалт байгуулаагүй ч дүнгээ хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байсан. Үүнийг ялагдлаа хүлээж сурах соёл гэж хэлж болох ч өөрөөр харж байсан хүмүүс бас байсан л даа?

-Намын даргын сонгууль, Ардчилсан намын дотоод сонгууль аль аль нь дууссан. Тодорхой гомдол, зөрчил бол байгаа. Намын үндсэн дүрмийн хороо, Хяналтын зөвлөл тухайн зөрчлүүдийг шийдвэрлээд явж байгаа. Миний хувьд намын даргын сунгаанд оролцсон. Шинээр сонгогдсон намын даргад баяр хүргэж, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн.

-Таны бодлоор, танай шинэ дарга С.Эрдэнэ намаа удирдаж чадаж байна уу. Түүнд шүүмжлэл, магтаалын аль алиныг хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?

-Намын шинэ даргад ажил хийх боломж олгох хэрэгтэй. Дэмжих хэрэгтэй. Алдаа, оноо байвал засч залруулаад явах нь зүйтэй гэж харж байгаа. Намын дотоод асуудалд бид ул суурьтай хандаж, Ардчилсан намыг орчин үеийн нам болгохын төлөө тал талаасаа зүтгэнэ. Ардчилсан нам бол амаргүй нам. Олон фракц, бүлэглэлтэй нам. Дотоод зөрчил ихтэй. Гэхдээ энэ нам Монголын улс төрд, Монгол Улсад хэрэгтэй. Манай намд олон сайн боловсон хүчин, үндэсний хэмжээний бүтэц, зохион байгуулалт бий. АН нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг тэргүүлэгч улс төрийн хүчин. Монгол Улсад МАН гэдэг дарангуйлагч ганцхан намын тогтолцоо байж болохгүй. Ардчилсан намыг илүү ардчилсан, шударга нам болгохын тулд шинэ удирдлага ажиллаж байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. Ардчилсан намын даргын шинэтгэл, явуулж байгаа бодлогуудыг дэмжиж, хамтарч ажиллана.

-Өмнө нь Ардчилсан намын даргад өрсөлдсөн хүмүүсээс 250 сая төгрөг авч байсан. Сая дотоод сонгуулиар хураамжийн мөнгө, дэнчингийн мөнгө гэж мөн хураалаа. Энэ нь мөнгөтэй хүмүүст нэр дэвших боломж олдоод, мөнгөгүй хүмүүст боломж хязгаарлагдаж байгаа юм шиг харагдаж болох юм?

-Өмнө нь Ардчилсан нам нь олигархуудын нам байсан. Зөвхөн олигархууд Ардчилсан намын санхүүжилтийг барьдаг, санхүүжүүлдэг, тэдний саналаар намын шийдвэр гардаг байсан. Гишүүдийнхээ дэмжлэг, хандиваар энэ нам хараат бус, илүү ардчилсан бодлогын нам болж хувирна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн шинэчилсэн санхүүжилтийн хэлбэрийг төгс төгөлдөр зүйл гэж би хэлэхгүй. Гэхдээ олигархуудаас санхүүжилт авдаг байсантай харьцуулахад хамаагүй эрүүл систем.

-Та Ардчилсан намын даргад өрсөлдсөнөөрөө улстөрчийн хувьд нэлээн том амбиц илэрхийллээ. Даргын сонгууль танд юуг илүү бодогдуулж үлдээсэн бэ?

-Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдсөнөөр намаа, жирийн гишүүдээ илүү ихээр хайрладаг, мэдэрдэг болсон. Энэ нам гайхамшигтай зохион байгуулалттай. Гайхалтай бүтэцтэй гэдгийг би олж харсан. Хот, хөдөө орон нутагт амьдарч, ажиллаж байгаа Ардчилсан намын мянга мянган гишүүдийг анхаарч, дэмжиж ажиллах ёстой. Тэр олон гишүүдийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө цохилох зүрх сэтгэл дээр ардчилал тогтдог юм байна гэдгийг би илүү сайн ойлгосон.

Эх сурвалж News.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл