Өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 94.5 тэрбум төгрөг буюу 0.8 хувь, өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар өссөн дүн юм.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 995.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 55.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 30.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сараас 0.5 пункт, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан гэж ҮСХ мэдээлж ээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл их наяд төгрөг давжээ. Нэг их наяд 35.5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл нь өмнөх сараас 34.6 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 67.6 (7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн дүн юм байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 пункт, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй гарчээ.