Цаазын ял сонссон дараах гэмт хэрэгтнүүд Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн этгээдүүд.
Хүн буудсан бас барьцаалсан А.Бат-Ялалт
2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Налайх дүүргийн II хороо дахь банкны салбарт буун дуу хэдэнтээ гарч, нэг хүн амиа алдаж, нэг нь бэртсэн хэрэг гарсан билээ. 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, түүний нөхрийн хэвлийд буудан зугтсан. Банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгахад нь нөхөр нь урдуур нь орж ийнхүү хүнд шархадсан гэдэг. Бас түүний сум банкны ажилтны шүргэж гэмтээсэн юм.Хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч шархаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан юм.
Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээ
2014 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарч, цагдаагийн байгууллагад 06.30 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид очиход тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай Д.Энхээ гэгч 45 настай хадам эхийнхээ амийг хөнөөн, хадам эцэг, түүний хүү, 85 настай эмэг эхийг нь хүйтэн зэвсэг хэрэглэн хүнд гэмтээсэн байж.
Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн Мөнх-Оргил
Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдсон Н.Мөнх-Оргилын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн цаазаар авах ял оноосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оноосон цаазын ялыг хэвээр баталсан. Харин ялтан Н.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүсээд байсан билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилжээ.
Бага насны охидыг хүчирхийлэгч Ц.Батдэлгэр
Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Ц.Батдэлгэр нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг 40 жилийн өндөрлөг гэх хөшөөний дэргэд насанд хүрээгүй 17 настай Б-д хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь Ц.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хаалттай шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар М-г санаатайгаар амь насыг нь хохироосон, бусдын эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндэж алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулжээ.
Дөрвөн хүний амийг хөнөөсөн Б.Эрдэнэбилэг
2009 онд архидан согтуурсны улмаас найзынхаа амийг хөнөөж, ээжийг нь хүчиндсэн, 2011 онд хамтран амьдарч байсан бүсгүйгээ эцэг, эхийнх нь хамтаар хөнөөсөн давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүх түүнд цаазын ял оноосон билээ.
Онц харгис хэрцгий аргаар хүний амь санаатай алсан Ц.Жаргалбаяр
Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн билээ.