8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн цаазын ялтнуудыг танилцуулж, Цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлсэн өдөр

2017-04-18 18:45:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.  

АНХААР: Цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч орон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 11-16 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч орон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус, зүүн хэсгээр 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөотөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө  бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Танилц: Баримт бүртгүүлэхэд орсон өөрчлөлт

131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

 1. ГАР УТАСНААС 131313 ТУСГАЙ ДУГААРТ АНХ УДАА БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР EBARIMT.MN-Д ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН.

 Дэлгэрүүлбэл тухайн гар утасны дугаар ebarimt.mn –д бүртгэлгүй бөгөөд иргэн анх удаа 131313-т баримт бүртгүүлэхэд системд хэрэглэгч автоматаар үүсдэг байсан бол одоо 131313-д баримт бүртгүүлэхэд заавал ebarimt.mn –д имэйл хаягаар бүртгэл үүсгэж, мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай болсон.

 2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БОЛ 131313-Т БАРИМТ БҮРТГЭГДЭХГҮЙ.

 Ebarimt.mn-д хэрэглэгчийн хувийн мэдээлэл дутуу болон алдаатай үед 131313 тусгай дугаараар баримт бүртгүүлэх боломжгүй ба “таны бүртгэл дутуу байгаа тул баримт бүртгэх боломжгүй” гэсэн мессеж тухайн иргэнд очиж байгаа болно.

 3. ГАР УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ EBARIMT.MN ДЭХ БҮРТГЭЛТЭЙ УТАСНЫ ДУГААРЫГ МӨН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

 Хэрэв хэрэглэгчийн 131313 тусгай дугаарт төлбөрийн баримт бүртгүүлдэг гар утасны дугаар өөрчлөгдөх бол ebarimt.mn дэх бүртгэлтэй гар утасны дугаарыг мөн өөрчилж, шинэ гар утасны дугаараа оруулах шаардлагатай.

Нэйл Сакер: Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан билээ. УИХ-аас төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж, Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан энэ сарын 15-нд товлогдоод байгаа. Тус хөтөлбөрийн талаар ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакераас тодрууллаа. 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсоноор долоон төрлийн татвар нэмэхээр болсон. Манай улс тус хөтөлбөрт хамрагдахын тулд тус татварын нэмэх шаардлага тавьсан уу?

ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтворжуулахад оршиж байгаа. Ингэснээр цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хангаж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.  Монгол Улсын төсвийн алдагдал маш өндөр түвшинд байгааг та бүхэн мэдэж байгаа.Төсвийн алдагдал өндөр байгаагаас болж Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Зээлийнх нь өртөг өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд юуны түрүүнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цомхотголын асуудал огт яригдаагүй. Мөн нийгмийн халамжийг бууруулах асуудал яригдаагүй.
Татварын хувьд НӨАТ-ыг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчимтай. Учир нь НӨАТ хамгийн өргөн хүрээнд үйлчилдэг учраас зайлсхийсэн. Харин өндөр орлоготой хүмүүст илүү их татвар ногдуулдаг системийг нэвтрүүлэхийн төлөө бид ажилласан.
-Төсвийн тодотгол батлагдсан. Нийгмийн зарим хэсэг нийгмийн даатгалын шимтгэл нэмэх зэрэг зарим арга хэмжээнд эргэлзэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар маргаантай байгаа асуудлуудыг эргэж харах боломжтой юу?

-Нийгмийн даатгалын систем төлбөрийн чадваргүй болчихсон байгаа. Жил бүр төсвөөс Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа татаасын хэмжээ нэмэгдсэн. Цаашид энэ татаасыг төсөв үүрч гарах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа учраас хувь хэмжээ болон тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийг нэг өдөр биш ойрын хэдэн жилийн дотор хэрэгжүүлнэ.
-Монголын эдийн засаг хамгийн ойрхондоо хэзээ сэргэж эхлэх хүлээлттэй байна вэ?
-Монголын эдийн засгийн сэргэлтэд өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл уул уурхай, хөдөө аж ахуйн өсөлт ажиглагдаж байна. Сүүлийн үед эдийн засагт итгэх итгэл сэргэж, төгрөгийн ханш тогтворжиж эхэллээ.
Энэ жилийн тухайд өсөлт харагдахгүй ч дараа жилээс өсөлт бий болно. Итгэл сэргэсэн учраас илүү олон салбарт хөрөнгө оруулж, олон ажлын байр нэмэгдэнэ.
-Засгийн газар нөхцөл байдлыг ашиглаад ОУВС-тай тохироогүй татваруудыг нэмсэн гэж сөрөг хүчин үзэж байгаа. Ийм зүйл болсон уу?
-Сая батлагдсан төсвийн тодотголд ОУВС, Засгийн газрын тохиролцсон бүх арга хэмжээ тусгагдсан гэж бодож байна. Цаашид төсвийн алдагдлыг бууруулах гол зорилготой байгаа.Үүнтэй холбоотой төсвийн орлого, зарлагыг тэнцвэртэйгээр авч чадсан

Д.Батбаяр: Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна

Автотээврийн үндэсний төвийг Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай хот хороондын тээвэрлэлтийн талаар ярилцлаа.

-Хот хоорондын тээвэрт нийт хэчнээн автобус явж байна вэ. Мөн нийт хэчнээн автобусанд GPS суурилуулаад байна вэ?

-Өнгөрсөн онд хот хооронд 677,412, улс хооронд 43,447 хүн тээвэрлэсэн байна. Нийтдээ хоёр сая 300 мянган зорчигч улс болон хот хооронд тээвэрлэгдсэн. Энэ тоог 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт. Хот хоорондын тээвэрт явж байгаа бүх автобуснуудад 24 цагийн турш GPS ажиллаж байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байна, хэдэн км/ц-ын хурдтай явж байна гэдгийг манай төв харж, хянаж байдаг. Хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж байгууллагын 950 орчим тээврийн хэрэгсэл тээвэрт үйлчилж байна. Манайтай гэрээтэй ажиллаж байгаа байгууллагуудын бүх том оврын автобуснуудад GPS бүрэн 100 хувь суурилуулсан. 

-Хот хооронд явж байгаа автобуснуудад хэрхэн үзлэгт хамруулж, хяналт, шалгалт тавьж байна вэ?

-Хот хооронд явж байгаа автобуснуудыг тээврийн хэрэгсэл хуулиараа жилд хоёр удаа үзлэг, оношлогоонд хамрагддаг. Харин бид нар улиралд нэг удаа буюу жилдээ дөрвөн удаа үзлэг, оношлогоонд ордог. Хот хооронд явж байгаа автобуснууд тогтмол үзлэг хяналтад орж байгаа.  

-Хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар цахим хэлбэрээр захиалах боломж бий юу?

-Энэ жил Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаа сайжруулж иргэдэд илүү ойр байхын тул нэлээд олон ажил хийж, гүйцэтгэж байна. Өнөөдөр зарим нэг хүмүүс баруун аймаг руу зорчих бол заавал Драгон дээр очиж тасалбар бичүүлнэ. Харин зүүн чиглэлд зорчих бол Баянзүрхийн товчоонд дээр очно гэсэн ойлголттой байгаа байх. Ингэх хэрэг байхгүй. Аль ч салбар дээр очоод хот хооронд явах чиглэлийн тасалбараа бичүүлэх боломжтой. Мөн өнгөрсөн оноос хойш хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалж эхэлсэн. Манай Автотээврийн үндэсний төвийн www.transdep.mn сайтаар ороод тасалбараа онлайнаар захиалах бүрэн боломжтой. Мөн тун удахгүй тасалбар бичилтийн ТҮЦ машиныг туршилтаал ажлуулж эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ нь хот хооронд болон улс хоорондын тээврийн тасалбар бичихээс гадна агаарын, төмөр замын тээврийн тасалбар бичих зориулагдсан ТҮЦ машин ажлуулна. 

Хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж байгууллагын 950 орчим тээврийн хэрэгсэл тээвэрт үйлчилж байна.

-Хот хооронд тээвэрт явж байгаа том оврын автобусны жолооч нар дайвар ачааг овор хэмжээнээс хамаарч 5-10 мянган төгрөг авах тохиолдолд байдаг. Энэ орлого танай дээр төвлөрөх үү, жолоочийн орлого болох уу? Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Онцлох 30 ишлэл: Ж.Баатар: Ц.Нямдоржийг Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрч, гэрэл зураг байгаа

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар “Б.Хурц хуулийнхныг хуурсаар байх уу” гэсэн гарчиг бүхий олон хуудас захидал бичсэн билээ. Хариуд нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 14-ний өдрийн “Үндэсний шуудан” сонинд “Хуулийнхан өөрсдийхөө зохиосон “хавх”-нд өөрсдөө бүдэрч уналаа” хэмээх гарчигтай, мөн л олон хуудас нээлттэй захидлаа хэвлүүлсэн. Өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар телевизийн ярилцлаганд орлоо. Түүний ярилцлагаас Онцлох 30 ишлэл бэлтгэн хүргэж байна.

  1. Би 1963 оны 4 дүгээр  сарын 13-нд анх Цагдаагийн байгууллагын Улсын онц чухал объяктыг хамгаалдаг салаанд ажилд орсон
  2. Тагнуулчтай амьдралаа холбоод нэлээд удсан. Анх 1978 оны тавдугаар сард өмнө Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст зүгийн цэрэг тагнуулын оюулыг судлах ажилд явсан.
  3. Тагнуулын сургуулийг Москвад төгссөн. Арван жил ажлаад хөгширсөн хойно сургууль төгссөн. Сөрөг тагнуулын дээд сургуулийг төгссөн.
  4. НАХЯ-ны дүн шинжилгээ мэдээллийн төвд ажиллаж байсан. НАХЯ-ны чиглэлээр улс орны гадаад дотоод нөхцөл байдал, сөрөг тагнуулын чиглэлээр авагдсан мэдээллээр судалгаа хийж, дүн шинжилгээ хийдэг байсан.
  5. 1990 оны 10 дугаар сарын 19-ны ТЕГ-ын дарга болсон. Тухайн үед Засгийн газрыг Д.Бямбасүрэн удирдаж байсан. Тэр үе манай улсын нөхцөл байдал тун хүнд байсан.
  6. Намайг дарга болж байх үед лангуун дээр давснаас өөр юм байхгүй гэж ярьж байсан үе.
  7. Манай улсад  хүнсний хомсдол 1979 оноос л эхэлсэн.
  8. 1990 онд тагнуул аюулгүй байдлын нууц бичиг баримтыг ил болго гэж шаардаж байсан.
  9. Н.Багабандийг тагнасан хэрэгт би ямар ч холбоогүй.
  10. Хятадын тагнуулын Ли Мо авгайг техникийн аргаар тагнаж байсан юм билээ. Би ч мэдээгүй. Тухайн үед Ли Мо УИХ-ын дарга байсан  Б.Баганбандитай уулзсан юм билээ. Тэгээд тэр хоёрын яригдсан яриа бичигдсэн байсан.
  11. Гэхдээ би Н.Багабандийг биш Ли Мог тагнаж байтал Н.Багабанди уулзсан. Тэгээд би буруутан болчихсон.
  12. Н.Энхбаяр, Жасрай, Н.Багабанди нарыг би ерөөсөө тагнаагүй байтал хэрэгт уначихсан. Тэгээд л 10 гаруй жил байцаагдаад л явсан.
  13. Хятадын тагнуулыг тагнаж байхад л манай улс төрийнхөн тэр хүнтэй уулзчихдаг.
  14. Хятадаас хортой архи, улаан мөнгөн ус орж ирдэг байсан. Гурил гэхэд 75 хувь нь ясны гурил, дотроос хүний шүд хүртэл орж ирсэн.
  15. Улаан мөнгөн усны хэргийг илрүүлж чадаагүй.
  16. Улаан мөнгө ус зэвсгийн наймаанд томоохон албан тушаалтантай холбогддог.
  17. Монгол Улсын иргэний үнэмлэхийг Хятад хүнд олгосон хэрэг хүртэл илэрсэн.
  18. Манайхаас бусад улс орон бусад улстай гэрээ байгуулахдаа энэ газар хэр найдвартай вэ гэдгийг тагнуулаар шалгуулдаг.
  19. Бусад улс орон гэрээ байгуулж байгаа ажлын хэсэгт тагнуулын ажилтаныг заавал оруулдаг. Харин тухайн тагнуулын ажилтан нь тагнуулчаас гадна улс төр, эдийн засгийн мэргэжилтэн байх ёстой. Бусад улсад энэ тогтчихсон.
  20. Манай улсыг 1900 оноос эхлээд Хятадын тагнуул судалж эхэлсэн. Манай улсыг дотор нь хагаралдуулах ажиллагаа явуулж байсан.
  21. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хятадлын тагнуулын арга барилтай ижилхэн хагалган бутаргаад байгаа.
  22. Ц.Нямдорж 1990 оны тав дугаар  сард Хятадын тагнуултай уулзаж байсныг харсан гэрчүүд байдаг. Тэр үйл явдлыг харуулсан зураг ч байдаг. Энэ баримтыг шүүх авч хэлэлцээгүй. Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм.
  23. 1992 оны 1 дүгээр сарын сүүлчээр Ц.Нямдоржийг Хятадын тагнуул  аваад явсан. Ц.Нямдоржийг элсүүлэх гол зорилготой аваад явсан.
  24. Прокурорт би Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт тавьсан.
  25. Ц.Нямдорж худал ярьдагаараа ярьж, хүн гүтгэдэгээрээ гүтгэж байна.
  26. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдөр 1000 гаруй хүн манай байрны гадаа ирсэн.
  27. Намайг мөрдөнгөөс гарахад гэрийн утсаар байнга залгаж дарамталдаг байсан.
  28. Намайг заналхийлээд байхаар нь би хэсэг чимээгүй алга болсон.
  29. Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилаар хагалган бутаргаад байна

 Н.Номтойбаяр: Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа

Тэтгэвэрт гарах нас жил бүр хагас жилээр буюу зургаан сараар нэмэх хуулийн төслийг УИХ-аас баталсан. Тэтгэврийн насыг нэмэх харгис явдал. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж төлж эцэст тэтгэвэр сууж эрхээ эдэлж чадахгүй нөгөө ертөнцөд очих нь гэж энгийн иргэдээс өгсүүлээд төрийн түшээд гэхчлэн хэн бүхэн ярьж, хэлсэн ч эрх баригчид чуулганы босгыг алхуулж батлуулаад авсан. Одоо бүүр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын амнаас давлиун үгс торолгүй гарч байх юм даа.

Эрхэм сайд:-“Эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа. Ийм байтал яагаад дундаж нас 65, 67 той гардаг вэ гэхээр эхний эндэгдэл, нас баралтыг тооцдог учраас багаар гарч байгаа юм.

Н.Номтойбаяр сайдад монгол эрэгтэй хүн бүр 76 нас хүрч байгааг хэн судлаад тогтоосон юм бэ. Агаараас бууж амьдралд ойр байгаач ээ гэж эгдүү хүрч хэлмээр санагдчихлаа.

Ер нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг багасгая гэвэл эрэгтэй хүн нь 19.4 хувийн эмэгтэй хүн 26 хувийн шимтгэл төлж байж, ачааллыг бууруулах шаардлага гарч байгаа” гэж ярьжээ. Энэ хоёрхон өгүүлбэр үг боловч үнэхээр харгис, энэ эрх баригчид хүйтэн сэтгэлтэй хүмүүс юм даа. Н.Номтойбаяр сайдад монгол эрэгтэй хүн бүр 76 нас хүрч байгааг хэн судлаад тогтоосон юм бэ. Агаараас бууж амьдралд ойр байгаач ээ гэж эгдүү хүрч хэлмээр санагдчихлаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад зориулж албан ёсны баримт хэлчихье. Монголчуудын амьдрал аз жаргалгүйд тооцогддог. Учир нь дэлхийн 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаарт эрэмлэгддэг. Энэ индекс нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг тодорхойлдог.

Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн. Гэхдээ Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна.

Монгол Улсын сайн сайхан байдлын үнэлэмж 4.9 байгаа нь Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болох Япон болон БНСУ-ынхаас 1.1 нэгжээр доогуур байна. Харин БНХАУ-тай ойролцоо түвшинд байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхаас дээгүүр боловч Мозамбикоос доогуур. Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж, 2015 онд 69.9 жил өссөн. Гэхдээ Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т жагсаж байна. Мөн дэлхийн дунджаас 2.3 жилээр доогуур үзүүлэлттэй гэсэн мэдээллийг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор гаргасан байна.

Гэхдээ 2016 онд Үндэсний статистикийн хорооноос  эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас хойших дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож гаргасан. Эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жил тэтгэвэр авч байна. Нэг газраас ийм л зөрүүтэй мэдээлэлтэй. Аз жаргалын индекс гэгчээр монгол хүний дундаж наслалт 69.9. харин 60 наснаас хойш эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жилийн хугацаанд тэтгэвэр авч байна гэх. Хүмүүсээ эргэн тойрон дахь амьдралаасаа 76 нас хүрсэн  ахмад настан хэр олон байгааг нэг анзаараарай.Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгнө гэсэн. Энэ ер нь хэр оновчтой юм бол доо.  

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийж , ахмадуудын 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна гэсэн. Энэ бүхнийг дүгнэхэд монгол хүн аргагүй л урт насалдаг болж, нас өндөр гартлаа ажиллах сонирхолтой юм байна. Эрхэм сайдын хэлсэнчлэн ахмадуудыг ажиллах сонирхлыг эдийн засгийн аргаар өдөөх асуудлуудаа хурдавчил эрх баригчид аа.

Д.Гэрэл: Шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ийн сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа хурлын эхэнд онцолсон юм. 

Өнөөдрийг хүртэл чанартай боловсрол олгох, тэдэнд хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, харааны бэрхшээлтэй багш ажилчид, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа асуудал тавьж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл БСШУСЯ энэ асуудлыг үл тоон ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа учраас энэхүү шаардлагыг хүргүүлээд байгаа юм байна.  

Уг шаардлагад "Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна” гэв. Энэ талаар МХҮХ-ын Ерөнхийлөгч Д.Гэрэл “Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ны дотор өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэдгээ мэдэгдсэн юм. 

Хуурамч бичиг баримт бүрдүүлж Б.Бат-Амгаланг Засаг даргаар томилсон уу

Өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргаар Б.Бат-Амгаланг томилсонтой холбоотойгоор бужигнаан үүссэн билээ. Энэ асуудлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Ардчилсан намын гишүүдийн хэлж буйгаар дээрх үйл явдлыг Г.Атармаагийн хуурамчаар үйлдсэн албан бичгээс үүдэлтэй гэж үзсэн тул шалгуулж өгөх хүсэлт гаргуулсан байна. 

Тухайн үед буюу хоёрдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал хуралдсан ч дан ганцхан МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаж, Б.Бат-Амгаланг тус дүүргийн Засаг даргаар томилуулах шийдвэр гаргаж, энэ тухай хүсэлтээ нийслэлийн Засаг даргад илгээсэн аж. Гэхдээ энэ үед Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга нь Ардчилсан намаас сонгогдсон гишүүдэд байсан юм. Ийм байтал тэмдгийг нь хуурамчаар үйлдэн “Баянзүрх дүүргийн Засаг даргаар Б.Бат-Амгаланг томилж өгнө үү” гэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. Хотын дарга Су.Батболд хуурамч тэмдгийг нь мэдэхгүй захирамж гаргасан тухай хурлын үеэр онцолсон юм.

17 настай охин машин хулгайлж 2 хоног унажээ

17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг Н гэгч нь Toyota G.Corrolla автомашиныг хулгайлан хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.  Тухайн үед “Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу шалгахад 17 настай  Н  32 настай эрэгтэй О-гийн хашаанд байсан Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан нь тогтоогджээ.

Эл хэрэгт өнөөдрийн байдлаар эрүү үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. 

Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн цаазын ялтнууд

Цаазын ял сонссон дараах гэмт хэрэгтнүүд Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн этгээдүүд.  

Хүн буудсан бас барьцаалсан А.Бат-Ялалт

2015 оны  хоёрдугаар сарын 6-ны өдөр Налайх дүүргийн II хороо дахь банкны салбарт буун дуу хэдэнтээ гарч, нэг хүн амиа алдаж, нэг нь бэртсэн хэрэг гарсан билээ. 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, түүний нөхрийн хэвлийд буудан зугтсан. Банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгахад нь нөхөр нь урдуур нь орж ийнхүү хүнд шархадсан гэдэг. Бас түүний сум банкны ажилтны шүргэж гэмтээсэн юм.Хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч шархаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан юм. 

Хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээ


 2014 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарч, цагдаагийн байгууллагад 06.30 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчид очиход тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай Д.Энхээ гэгч 45 настай хадам эхийнхээ амийг хөнөөн, хадам эцэг, түүний хүү, 85 настай эмэг эхийг нь хүйтэн зэвсэг хэрэглэн хүнд гэмтээсэн байж. 

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн Мөнх-Оргил

Найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг хөнөөсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь тогтоогдсон Н.Мөнх-Оргилын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн цаазаар авах ял оноосон. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оноосон цаазын ялыг хэвээр баталсан. Харин ялтан Н.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүсээд байсан билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилжээ.


Бага насны охидыг хүчирхийлэгч Ц.Батдэлгэр


Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат Ц.Батдэлгэр нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 30 минутын үед тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутаг 40 жилийн өндөрлөг гэх хөшөөний дэргэд насанд хүрээгүй 17 настай Б-д хутга тулган айлган сүрдүүлж  хүчиндсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх нь Ц.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хаалттай шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.12, 91.2.15, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар М-г санаатайгаар амь насыг нь хохироосон, бусдын эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндэж алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулжээ.

Дөрвөн хүний амийг хөнөөсөн Б.Эрдэнэбилэг

2009 онд архидан согтуурсны улмаас найзынхаа амийг хөнөөж, ээжийг нь хүчиндсэн, 2011 онд хамтран амьдарч байсан бүсгүйгээ эцэг, эхийнх нь хамтаар хөнөөсөн давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүх түүнд цаазын ял оноосон билээ.

Онц харгис хэрцгий аргаар хүний амь санаатай алсан Ц.Жаргалбаяр

Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нэргүй
Алуулсаны хохь алсаны зол.....цаазын ялгүй учир хүн алахад санаа зовох юмгүй болсондоо
2017/04/18 103.26.193.55