8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд Б.Чойжилсүрэн VS ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер

2017-04-19 09:07:00

Манай улс . ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр болсон билээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцсэн. Тус хуралдаанаар 7 төрлийн татвар нэмэх шийдвэр гаргаад байгаа. Үүнийг ард түмэн МҮЭХ мөн эсэргүүцэж байгаа юм. УИХ-ын чуулганаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултанд хариулахдаа бүх л асуудлыг ОУВС шаардсан гэсэн утга бүхий мэдээллийг өгч, олон нийтийн дургүйг хүргээд авсан. Чуулганаар тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно. Нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцэлхээр болоод байгаа. Ингээд бид ОУВС-ийн эргэн тойронд Сангийн сайд  Б.Чойжилсүрэн,  
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын байр суурийг хүргэж байна. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн 

ОУВС ийм төрлийн татварыг нэмбэл яасан юм бэ гэж санал гаргаснаас биш бид ийм татварыг бий болгоё гээгүй. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд явсан. Намаа хоёрт, улсаа нэгд тавилаа. ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ. Эдийн засаг маш хүнд байна. Үүнээс өөр арга зам үлдсэнгүй, Монголын ард түмэн ойлгох байх гэж найдаж байна

   
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер


 Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдэж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол эдийн засаг нь хүнд байдалд орж олон хүн ажилгүй болох байсан. Монгол Улсын Засгийн газар маш их өртэй, валютын нөөцгүй болсон байна. Өрийн хавханд орсон ийм нөхцөлд өөрийн нөөц бололцоогоор эдийн засгаа сэргээх боломж туйлын хомс. Хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлтэй гарах хэдий ч аажимдаа сэргэж 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэсэн тооцоог гаргаад байгаа. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд золиос зайлшгүй гарна. Энэ золиос Монгол Улсын иргэн бүрээс гарах ёстой. Ингэхдээ бүгдэд ачааг тэнцүү үүрүүлэхийг хүсээгүй. Орлого их олж байгаа иргэдэд ачааг илүү үүрүүлэхийг бодсон. Хувь хүний орлогын албан татварт маш том өөрчлөлт гарсан. Их орлого олж байгаа бол илүү их татвар төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. 
Гурвадугаар сарын 21-нд бондын төлбөр хийгдэх ёстой байсан учир хөтөлбөрт хамрагдах асуудлыг маш богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн. Хөтөлбөр 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх болгондоо нөхцөл байдлыг судалж дүгнээд та бүхний тавьсан саналыг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ. Төсвийн алдагдал өндөр байгаагаас болж Засгийн газар их хэмжээний зээл авч алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Зээлийнх нь өртөг өндөр байгаагаас өрийн үйлчилгээний төлбөр жилийн жилд нэмэгдээд явна. Энэ бүх зардлыг Монгол Улсын ард түмэн нуруун дээрээ үүрэх нь ойлгомжтой. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд юуны түрүүнд төсвийн зарлагыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цомхотголын асуудал огт яригдаагүй. 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар 


Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг үл харгалзан бие дааж шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газраас 7 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байгаа. Мөн гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 4 заалтыг зөрчиж байна. Засгийн газар ийнхүү байгуулсан хэлэлцээрээ өөрөө зөрчиж байгаа нь туйлын харамсалтай зүйл юм. Энэ бүх асуудлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг дуулгаад, 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдах ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл