2017 оны эхний хэдэн сарын дотор Батлах хамгаалахын салбарт хоёр удаа гранат дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж, 9 цэргийн албан хаагч хүнд шархадсан хэрэг гарлаа. Энэ дуулиан намжаагүй байтал ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан цэргийн талаар бид мэдээлсэн. Тодруулбал Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, 9 хуруугаа тайруулсан хэрэг гарсан.
Энэ талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн байна.