8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Батчулуун: Монголын төр гэмт хэрэгтнийг хаацайлах гэмт хэрэг үйлдэж байна

2017-04-20 08:00:00

С.Батчулуун: Монголын төр гэмт хэрэгтнийг хаацайлах гэмт хэрэг үйлдэж байна

-С.Баяр нохой шуугиулж л явна даа-

Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-ийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

-Офшорчдын эсрэг хоёр дахь жагсаал цуглааныг зохион байгууллаа. Үргэлжлүүлээд суулт хийлээ. Улстөрийн суулт яагаад зогсоход хүрсэн бэ?

-Суултыг зогсоох хэд хэдэн үндэслэл байсан. Нэгдүгээрт, Монголын төрийн эрх мэдэлтнүүд хүний эрхийн наад захын ойлголтгүй, нэг эсвэл мэддэг ч мэдэхгүй царайлж, хүний эрхийг зөрчих, хүний амь нас,үнэ цэнийг үнэхээр үл тоомсорлож увайгүй загнаж байгаа нь тодорхой болсон. Офшорчдын эсрэг тэмцэлд монгол хүний амийг золихыг бид хүсээгүй. Офшорчдод тийм ч амархан монгол хүний амь насыг өгөхгүй. Өөрөөр хэлбэл, суултад оролцсон хүмүүсийн эрүүл мэндийг юман чинээ бодоогүй. Өөрсдийн санаачлагаар суултад оролцсон хүмүүс дотор 80 настай эмэгтэй болон бие нь гэнэт муудаж, ухаан алдсан залуугийн амь насыг анхаарахгүйгээр хувиа хичээсэн үйлдэл хийхийг хүсээгүй. Хоёрдугаарт, тэмцлийн хатуу хэлбэр суултаар тулган шаардаж, түүнээ заавал хүлээн зөвшөөрүүлэх хуучин технологи бидэнд шаардлагагүй. Хуулийн хүрээнд шаардлагаа хүргүүлсэн, хариуг өгөх, өгөхгүй нь эрх мэдэлтнүүдийн асуудал. Бидэнд цаг алдах шаардлагагүй. Гуравдугаарт, дараагийн хоёр дахь шатны тэмцэл рүү орохыг цаг үе шаардсан.

НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт Монгол Улсыг  хар жагсаалтад бүртгэх, хүсэлтийг хүргүүлэхээр шийдэж байна.

-Хоёр дахь шатны тэмцлийг үргэлжлүүлнэ гэлээ. Энэ нь ямар хэлбэрийн тэмцэл эхлүүлнэ гэсэн үг вэ?

-Монголын төр офшорчидтойгоо тэмцэхгүй болох нь олон зүйлээс тодорхой болж, офшорчдод ээлтэй офшорын дансны тухай хууль баталсан. Энэ биднийг хоёр дахь тэмцэл рүү дуудсан. Иймд офшорчидтой тэмцэхийн тулд “Авилгын эсрэг НҮБ-ын конвенц” болон “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц”-д Монгол Улс нэгдэн орсон учраас гишүүн орны хувьд уг хуулиудыг биелүүлж, хэрэгжүүлэхийг шаардаж, улмаар мөнгө угааж байж болзошгүйг анхааруулж, Ингэснээр Монгол Улсын бүх дансыг хаана. Ийм байдалд оруулсан хариуцлагыг өнөөгийн Монголын төр хариуцах ёстой. Явуулах бичиг баримт дээр ажиллаж байна. Энэ нь бидний хоёр дахь шатны хүчтэй тэмцэл. Гудамжид жагсаж тэмцэхээ хослуулж явж байгаа. Ер нь хоёр фронтоор явж байгаа. Нэгдүгээрт, бид хуулиа дээдлэнэ, баримтална. Бид хуулиа баримтлаад явахаар нөгөө тал нь хуулиа зөрчдөг юм байна гэдгийг нотоллоо, харлаа. Монгол төр бүтэн 80 хоног хууль зөрчсөн. Хоёрдугаарт, сүүлийн хориод жил болж байгаагүй гудамжны цуглаан, тэмцлийг хоёр удаа өрнүүлж чадлаа.

Офшор бүсэд 40 гаруй хүн байсан гэж яригдаад байгаа. Тэр тоо 400 ч болох юм билүү, хэн мэдлээ.

-Хар жагсаалт гэж ярилаа. Тэр жагсаалтад манай улс бүртгэгдсэнээрээ ямар сөрөг, эерэг үр дагавартай вэ?

-Эерэг тал гэвэл 27 жилийн бузар булай бүх зүйлийг буюу эрх мэдэлтнүүдийн үйлдсэн бүхэн нь нүгэл нь нүдээрээ гарна. Монгол Улсын бүх дансыг шалгана гэсэн үг. Монгол Улсыг дэлхийтэй харилцах дансыг 21 хоног хаана. Нөгөө талаас гэвэл эдийн засгийн хувьд амаргүй байдал үүснэ. Энэ тогтолцоог үүнээс айж үргэлжлүүлж болохгүй. Бид үр хүүхэддээ энэ тогтолцоог өвлүүлж болохгүй. Тэгснээс тэр хар жагсаалтад ороод дээдсийнхээ бузар булайг уудлуулчихья.

-НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарт илгээх бичиг баримт боловсруулж байна гэлээ. Үүнд хэр цаг хугацаа орох вэ?

-Өргөдөл гаргаснаас хойш тодорхой хугацааны дараа хариулт өгнө гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тийм учраас цаг хугацааны асуудал байна. НҮБ судалж үзнэ, тэгээд шийдвэрээ гаргана. Монгол Улс, төр засгаас хамаарахгүйгээр шалгалтын ажиллагаа явагдана. Оффшор бүсэд 40 гаруй хүн байсан гэж яригдаад байгаа. Тэр тоо 400 ч болох юм билүү, хэн мэдлээ. Сая Панамынх гарлаа, Швейцарийн банкинд асуудал гарлаа. Нийтдээ 60 гаруй бүсэд хэдэн хүн байгаа юм. Хэдэн ч улстөрч байгаа билээ. Хэчнээн татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгж байгаа юм. Тэд бүгд гарч илэрнэ.

“Уриалга”, “Мэдэгдэл” гаргаж олон түмэнд сонордуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардах бичиг, УИХ-ын дарга, УИХ-ын 76 гишүүдэд “Тулган шаардах бичиг” хүргүүлсэн.

-Офшор бүсэд байгаа мөнгийг эргүүлэн татсан олон улсын жишээ баримтыг дурдана уу?

-“Авлигын эсрэг НҮБ-ын конвенци”-ийн зохицуулалтаар гадаад улс орнуудад энэ асуудал шийдэгдсэн шүү дээ. Тухайлбал, Асвтрали, Исланд, Английн Ерөнхий сайд хүртэл огцорлоо. Дансанд байсан бүх мөнгө хөрөнгө нь илчлэгдлээ. Үүнд хүмүүс яагаад эргэлзээд байдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Офшорын асуудал дэлхийн асуудал болоод байна. Дэлхийн олон улсын хамтын нийгэмлэгийн сүүлийн үеийн хурал дээр энэ асуудал яригдаж хэлэлцэгдэж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийг солгойруулж байна. Хямруулж байна. Эрүүл биш болгож байна. Олон улсын эдийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

-Ард түмний Онцгой зөвлөл байгуулагдсан цагаас хойш нийгмийнхээ, ард иргэдийнхээ төлөө хийсэн үр дүнтэй хийгдсэн ажлынхаа талаар ярина уу?

-Ардтүмний онц түр зөвлөл нэгдүгээр сарын 18-нд байгуулагдсан. “Уриалга”, “Мэдэгдэл” гаргаж олон түмэнд сонордуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардах бичиг, УИХ-ын дарга, УИХ-ын 76 гишүүдэд “Тулган шаардах бичиг” хүргүүлсэн.  

Мөн Үндэсний аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, “Офшорын асуудал”-ыг хэлэлцэхийг шаардсан ч одоо 80 гаруй хонолоо. УИХ-ыг ээлжит бус чуулганыг хуралдуулж, ажлын хэсэг байгуулж, офшор данстай хамааралтай улстөрчдийг төрөөр шалгуулахыг шаардсан боловч, харин эсрэгээрээ “Офшорын тухай хууль” баталж, ард түмнийг хуурч, офшорчдыг хаацайлж, хамгаалж чадлаа.

-Ажлын хэсэг байгуулагдсан уу?

-Ажлын хэсэг ч байгуулагдаагүй. УИХ дотор түр хороо байгуулна гэж ирээдүй цаг дээр ярьсан. Энэ бидний ажлын хэсэг байгуул гэсэн шаардлагыг харчихаад түр хороо гэхчлэн оромдох гэсэн хэрэг юм уу даа. Өнөөдөр офшорын тухай хүмүүс мэддэгүй байсан бол мэдэж авлаа. Офшорын асуудал илчлэгдэхгүй байх магадлал маш өндөр байлаа. Дэлхийн эдийн  засаг ойр ойрхон хямраад тэр тусмаа Америкийн эдийн засаг ханиаднаас ханиад уруу хямраад л байсан учраас дэлхий өөрөө үүнийг илчилсэн. Америк доллараа хэвлэдэг, устгадаг. Доллар бүх оронд хөрвөж байдаг. Тухайн улсын мөнгө юм шиг. Манайд бол монгол төгрөгнөөс илүү нэр хүндтэй байдаг биздээ. Мөнгөнийхөө баримжаа, балансыг мэдэж байдаг. Анх Америкийн Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооноос анх хакердаж, илчилсэн юм биш үү. Дэлхийн эдийн засгийн сүүлийн үеийн хурлуудаар эдийн засгийн хямралын оношийг тавьж чадахаа байгаад янз бүрийн ажиглалт судалгааны үр дүнд офшор гэдэг зүйл хэтэрхий хөгжөөд дэлхийн эдийн засгийг солгойруулаад байна гэдэг нь батлачихлаа. Тиймээс бид  офшорын асуудлыг нийгэмд бодитой таниулж чадлаа. Энэ бидний  тэмцлийн үр дүн.

Ард түмний онц түр зөвлөл цэвэр оффшорын эсрэг явж байгаа. АТОЗ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Оролцвол өвөрмөц сонин байдлаар оролцоно. Тухайн үед бүх хардлагууд тайлагдана. Янз бүрийн хардлагууд замхарч одно.

-Төр засгаас шаардсан шаардлагын хариуг хараад 80 гаруй хоночихлоо гэж ярилаа. Зорьж уулзсан, хэлэлцээр хийсэн тохиолдол ер нь байгаагүй юм уу?

-Өнгөрсөн суулт хийхээс өмнө бүх УИХ-ын гишүүнд бүрт албан бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандлаа. Хариу өнөө хүртэл өгөөгүй байна. Өнөөдөр Монголын төр бол гэмт хэрэгтнийг хаацайлах гэмт хэрэг үйлдэж байна. Үүгээр нь УИХ-ын гишүүн нэг бүрийг шүүхэд өгөх бололцоотой. Бүгдийг нь өгнө.

-Энэ долоо хоног эхлэнгүүт албан шаардлага хүргүүлнэ гэж байсан. Ямар утга учиртай албан шаардлага байсан юм бол оо?

-Хүргүүлсэн. УИХ дотор офшорын эсрэг “лобби” бүлэг байгуулагдсан байна билээ. Тэднээр офшортой тэмцэх шударга гүүртэй болох нь гэж бодсон чинь өөр агуулгатай лобби бүлэг юм байна гэж мэдэрсэн. Тэд бидэнтэй холбогдохыг хүсээгүй. Бүгдэд нь албан бичиг өгсөн. А.Сүхбат гишүүн Т.Аюурсайхан даргатай уулз гэсэн. Т.Аюурсайхан нь танай нээлттэй facebook группэд орж болохгүй байна. Тийм учраас оруулдаг болгочихоод надтай уулз, юмаа тавьж болохгүй байна гэсэн хариу хэлсэн.

-Т.Аюурсайхан өнгөрсөн бүтэн сайн өдөр суулт хийж байгаа хүмүүстэй уулзаж байгаа харагдсан. Зорьж очмон юм уу, эсвэл санамсаргүй талбайгаар явж байгаад таарчихав уу?

-Зорьж ирсэн юм. Аюурсайхан гишүүнтэй уулзья. Үнэхээр оффшорын эсрэг лобби бүлэг юм бол эхлээд уулзья. Тэднээр дамжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Д.Эрдэнэбаттай уулзах боломжтой гэж ойлгосон. Гэтэл боломжгүй болсон. Ямар учиртай байгуулагдсан лобби бүлэг юм ерөөсөө ойлгохгүй байгаа. Цаашид хамтрах эсэх нь тодорхойгүй ч бид хүсэлтээ илэрхийлсээр байх болно.

Гэхдээ эрх баригчид олон улсын хэмжээнд данс энэ тэрээ хаалгах дээрээ тулчихсан юм уу гэхчлэн эргэж харж нэгийг бодох байх.

-Хавар гудамжны жагсаал цуглаан идэвхждэг. Сонгууль болохоор бас босдог. Одоо Ерөнхийлөгийн сонгууль ойртсон учраас та нарын зохион байгуулж буй цуглаан жагсаалыг янз бүрийн өнцгөөр харж, шүүмжлэх, хардах тохиолдлууд байна. Цуглаанд ирж оролцож байгаа хүмүүс тодруулбал Н.Энхбаяр, С.Жавхлан, С.Ганбаатар, Г.Баасан үг хэлэх оролцож байгааг хараад хүмүүс янз бүрээр хэлж, бичиж байна.

-Биднийг дэмжихээр ирсэн хүмүүсийг бид хардаад, хажиглаад байх хэрэггүй байх. Бид тэдний зүрх сэтгэлийн дэмжлэгийг авах ёстой. Ард түмний онц түр зөвлөл цэвэр оффшорын эсрэг явж байгаа. АТОЗ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Оролцвол өвөрмөц сонин байдлаар оролцоно. Тухайн үед бүх хардлагууд тайлагдана. Янз бүрийн хардлагууд замхарч одно. Үүнд итгэлтэй байна.

-Таныг МоАХ-ны гишүүн, дарга нь Х.Баттулга болохоор тэр үү янз янзын өнцөг, асуудал тусган хардаад л байна даа.

-Би АН-ын ч, МоАХ-ны ч гишүүн. Дэмжлэгийг авах гэж явсан. Аль аль нь ч дэмжээгүй. Огт эсэргүүцээгүй. Тэгээд орхисон. Дэмжлэгийг авах гэж явахдаа би их бухимдаж байсан. Тэдний байр суурь нь зөв ч байсан юм уу бүү мэд. Хэрвээ дэмжлэгийг нь авсан бол наад хардлагыг чинь бүүр батлагаажуулаад дэврээж орхино биз дээ. МоАХ, АН-ын гишүүн учраас их бухимдсан. Бараг гомдох талдаа явж байлаа. Олон жилийн улстөрийн дадлага туршлагатай байгууллагууд тул өөрсдийн байр сууринаас харсан юм байлгүй дээ хэмээн өнөөдөр бодогдоход хүрлээ.

-НҮБ-д хүсэлт гаргана гэсэн. Тэр албан бичгийг боловсруулахад цаг хугацаа орох уу?

-Энэ асуудлууд дээр нухацтай ярилцах хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд, гишүүд, намуудын төлөөллийг урьж онол практикийн хурал хийж болно. Тэр хурал дээр НҮБ-д явуулах хүсэлтээ хэлэлцүүлнэ. Офшорын тухай хуулиа эргэж харахгүй бол хүсэлтээ өгнө. Гэхдээ эрх баригчид олон улсын хэмжээнд данс энэ тэрээ хаалгах дээрээ тулчихсан юм уу гэхчлэн эргэж харж нэгийг бодох байх. Бид үг дуугүй нүдээ аниад НҮБ-д хүсэлтээ өгөх гээд байгаа хэрэг биш шүү дээ.

-Тэгвэл дахиад л боломж ойлгож байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгээд үл тоох юм бол офшорчид гэж хэн юм бэ гэдгийг бид илчлээд өгчихлөө. С.Баяр түүний офшорчин нөхөд байна. Ард түмэн хэн гэдгийг мэдэхгүй байсныг бид мэдрүүлж өглөө. Бид л саналаа өгч сонгосноороо эзэн нь. Бид тэднийг айлгаж ичээх эрхтэй. С.Баяр Лондонгоос хэдэн удаа ирсэн бэ.

-Хэдэн удаа ирснийг нь сайн мэдэхгүй байна.

-Гурван удаа санд мэнд ирсэн. Та нар мэдэж л байгаа. С.Баяр:-“ Би бага даа нохой шуугиулсаар явсан. Одоо ч нохой шуугиулсаар л явна” гэж онгоцноос буунгуутаа сэтгүүлчид ярьсан байдаг. С.Баяр эх орноо нохойн үүр гэж хардаг юм байна. Гурван сая Монголчуудаа ноход гэж хардаг юм байна. 65 гишүүнээ өөрийн нохой, та бид нар хүний нохой юм байна. Засгийн газрын танхимын 10 гишүүн нь хууль өргөн барьдаг ноход гэнэ. С.Баяр нохой шуугиулж л явна даа.

Хаврын чуулганы нэлээд хойгуур байсан хуулийг нааш нь татаж, наадахаа их гоёор батлуул, наад ард түмэн чинь одоо гоё болох гэж андуураг. Наанаа нэг л зүйлийг хатуу оруул. Хууль эргэж үйлчлэхгүй. Алх зогссоны өчигдөр нь үйлчлэхгүй гэж хуйвалдчихсан нөхөд.  Ирээдүйд гарах офшорчид хуулиараа хоригдох нь. Өнгөрсөн нь ингээд хамгаалагдчихлаа. Гэмт хэрэгтнийг хаацайлсан өршөөлийн хуулийг гаргасан учраас Монголын төр Эрүүгийн хуулийн 247-гийн дагуу гэмт үйлдэл хийж байна. Монголын төрийг 100 хувийн гэмт хэрэгтэн үзэж болно. Үүнийг ард түмэндээ илчилж өгч чадлаа.

-Офшорын хуульд хүлээлт үүслээ. Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон байна билээ.

-Үндсэн хуулийн цэцэд хэсэг хүмүүс өгсөн байна. АТОЗ ч өгнө. АТОЗ-ын тэмцлийн үр дүнд бусад хүмүүс сэхээрээд өөр нэг субьектээс Үндсэн хуулийн цэц рүү хандаж байна. Бид ард түмний дэмжлэгийг авч байгаагийн илэрхийлэл юм даа.

-Ер нь АТОЗ-ийг дэмжих масс ямар хэмжээнд хүрсэн бэ?

-Маш өргөн олон дэмжиж байна. Сая суултыг буулгасандаа харамсахгүй байна. Бид оюунлаг улсууд. Хуулиа дээдлье, хуулиар тэмцье. Олон улсын хуулиар харья. Мэдээж бид нар гудамжны тэмцлээ тухайн цаг үедээ үргэлжлүүлэх л болно. Талбай дээр эхний цуглаанд 30000 хүн цугларлаа. Хоёр дахь цуглаанд 40 гаруй мянган хүн хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлэн жагссан.

Ярилцсанд баярлалаа.    П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ene yadag hun be.Ue ue uzegdeed tag chig bolchihdog doldoi bish uu.
2017/11/11 182.160.1.143
Dorjoo
Ehleed offsort munguu bairshuulsan humuust arga hemjee avch baij daraagiin ajil ehelene
2017/04/21 182.160.1.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment