АН-ЫГ ТӨЛӨӨЛЖ Р.АМАРЖАРГАЛ, Н.АЛТАНХУЯГ, Х.БАТТУЛГА, Э.БАТ-ҮҮЛ, Д.ДОРЛИГЖАВ, Л.БОЛД, Б.ЖАРГАЛСАЙХАН ӨРСӨЛДӨХӨӨР БҮРТГҮҮЛЛЭЭ
АН-ын дарга С.Эрдэнэд Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэлтэй долоон горилогч бүртгүүлжээ. Ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-ыг төлөөлж Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Л.Болд, Б.Жаргалсайхан нарын долоон горилогчийн нэг нь нэр дэвшин, өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Хамгийн өндөр санал авсан гурван нэр дэвшигчээ намынхаа VIII Их хурлаар оруулж, гишүүдийнхээ саналыг хураах зарчмаар эцсийн байдлаар тодруулах юм байна. Эдгээр хүмүүсээс хамгийн нэр цэвэр хүмүүсээр Л.Болд,Р.Амаржаргал нар нэрлэгдэж байна. Р.Амаржаргал мэдлэг, намба ноён нуруутайн хувьд ч тэр, боломжийн. Гэхдээ нөгөө талд Х.Баттулга гишүүдийнхээ дунд нэр хүнд сайтай санал хуваах магадлал маш өндөр. Нэр дэвшихээ мэдэгдээд байгаа эдгээр хүмүүс намдаа нөлөөтэй, фракцийн хүрээлэлтэй, нэр хүндийн хувьд ч харьцангуй тэгш. Хэн нь тодрохыг хэн ч таашгүй.
Ямартай ч АН-аас эдгээр эрхмүүдийн нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд АН-ын нэр цэвэр гишүүдийн нэг. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг нэгэн. Түүний хувьд Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаагаар хамгийн олон санал авсан. Түүнээс харахад АН-аас Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нэлээд санал авах магадлал өндөр.
Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай эрхэм бол УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг. Түүний хувьд улстөрийн рейтингээрээ шилдэг арван улс төрчдийн нэгд зүй ёсоор багтаж байгаа. Н.Алтанхуягийг “Алтангадас”-ынхан тэр чигтээ дэмжиж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ нэлээд эртнээс мэдэгдээд байгаа билээ. Түүний хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаж, "Шударга ёсыг тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаа тул гэнэт ийм шийдвэр гаргахад хүргэлээ" хэмээн мэдэгдэж байсан билээ.
Дараагийн эрхэм бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхийг шийдэх АН-ын сунгаанд оролцохоор болсон байна. Тэрээруг сунгааны хамгийн хүчтэй өрсөлдөгч болох нь гарцаагүй юм. Түүний хувьд төмөрзамын хэргээр шалгагдаж байсан ч гэсэн ард түмний дунд нэр хүнд сайтай нэгэн.
С.Зоригийн хэрэгт шалгагдаж, үс, цусны шинжилгээ хүртэл өгч байсан Э.Бат-Үүл нэр дэвшихээр болсон. Түүний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гишүүдийн дотор хотын захирагч асан маш их яригдсан. Тэрбээр намынхаа цагаан сарынхаа золголтын үеэр энэ шийдвэрээ дуулгаж байсан. Түүний мэдэгдлийн талаар намын нөхөд нь цахим хуудсаараа дамжуулан "Энэ сайхан өдөр морин цагт Э.Бат-Үүл баатар маань АН дахь МУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд албан ёсоор өрсөлдөхөө илэрхийлж байна" хэмээн олон нийтэд мэдээлж байсан.
Харин Д.Дорлигжавын хувьд сэтгэлийнхээ дуудлагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний хувьд гэнэт шийдвэрээ гаргаж, нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. АН-аас эдгээр гишүүдийн нэг нь их сунгаанд оролцох тодорхой боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Харин улс төрийн намууд ирэх сарын 2-ны өдөр гэхэд нэр дэвшигчээ тодорхой болгох ёстой. Үүнээс харахад хугацаа давчуу байгаа учраас МАН,АН,МАХН маш хурдан шуурхай хуралдаж, шийдвэрээ гаргах нь тодорхой боллоо.