Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн Очиртолгой гэх газарт байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байх үед байлдааны гар гранат дэлбэрч хүн амиа алдаж, найман цэрэг шархдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэргийг ТЕГ, Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн дэлбэрэлт юунаас болж гарсан гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл шалгалтын эцсийн хариу гараагүй байна. Гэтэл шалгалтын явцад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал тус ангийнхан галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь нэг хоногийн өмнө гаргасан байжээ. Учир нь тус ангийнхан хуваарь ёсоор энэ сарын 9-ны өдөр буудлага хийх байсан ч өөр ангийхан буудлага хийж байсан тул маргааш нь хийхээр болжээ. Энэ хооронд ангийнхан галт зэвсэг хэрэгслийг хадгалах байрнаас нь гаргасан байж. Хамгийн ноцтой нь гаргасан байсан РГД-5 загварын хоёр гранатын галыг угсарсан байжээ. Өөрөөр хэлбэл гар бөмбөгийн дэслэгчийг нь холбосон байсан байна. Энэ талаар тагнуулынхан шалгаж байгаа аж. Талийгаач Б.Ариунболд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гранатомётчин байсан. Түүнд амиа хорлоход нөлөөлсөн хүчин зүйл байсан уу, гранатыг угсарсан хүмүүс хэн байв. Эсвэл цаанаасаа гар бөмбөг дэлбэлэх нууц үйл ажиллагаа 350 дугаар ангид хийгдсэн юм биш байгаа хэмээн Тагнуулын байгууллага шалгаж байгаа аж.
Улмаар ахмад Мөнгөншагайгаар ахлуулсан салааныхан гар бөмбөгийн тэслэгчийг нь холбосон байсныг огт мэдээгүй аж. Талийгаач Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар цэргүүдээ тойруулан суулгаад гранат хэрхэн шидэх талаар хичээл сургуулилт хийж байсан гэнэ. Гэтэл ахлагч Б.Ариунболд галыг нь угсарч, дэлбэрэхэд бэлэн болсон гранатын хөшүүргийг дарж байгаад чагтыг нь мулталчихсан гэнэ. Энэ үед Б.Мөнгөншагай “Наадах чинь цэнэгтэй байна. Яаж байгаа юм бэ” гээд Б.Ариунболд руу очих үед гранатаа газарт алдаж дэлбэрэлт болсон талаар гэрчүүд мэдээлсэн байна.