8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Ганчимэг: Хууль бус тамга хийлгэсэн хүн бол БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа

2017-04-24 08:10:00

 Ш.Ганчимэг: Хууль бус тамга хийлгэсэн хүн бол БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа

Нийслэлийн БЗД-ийн Иргэдийн хурлын дарга Ш.Ганчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна уу?

-Өнөөдөр Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хуучин Засаг дарга ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Иргэдийн хурал маань бие бүрэлдэхүүнээрээ бүтцээ байгуулаад үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 2016 оны аравдугаар сарын 23-нд орон нутгийн сонгууль дууссан. Сонгуулийн маргааш нь Сонгуулын хороо буруу ташаа тогтоол гаргаснаас үүдэлтэйгээр бүтэн зургаан сарын хугацаанд өчнөөн олон шүүх хуралд оролцож байна. Уг нь сонгогдоод гараад ирсэн төлөөлөгчид иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулж, ганц ч гэсэн хороон дээр очиж ажлаа хийж баймаар байдаг. Тэр цаг заваа ер нь шүүх рүү явж өнгөрөөж байна.  Нөгөөтэйгүүр дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах ёстой байдаг. 2017-2020 хүртэлх  “Нийгэм эдийн засгийн зорилт”-оо батлуулж чадахгүй явна. Өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагааныхаа зардлын төсвийг л батлуулсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр төсөв батлагдаагүй. Төсөв батлах хурал дээр МАН-ын төлөөлөгчид ирээгүй.

-Саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа гэсэн хариултыг өгч байсан. Тогтоосон хугацаа гэж байх ёстой. Ер сонгуулийн энэ маргаан хуулийн хүрээндээ шийдэгдээд явна уу, аль эсвэл хууль зөрчөөд үйлдэл хийгдээд байна уу?

-Сонгуулийн зөрчлийн маргааны хуулийн хугацаа нь гурван сарын хугацаатай. Энэ хугацаа нэгдүгээр сарын 23-нд дуусчихсан. Тэр өдрийн эцсийн шийдвэр нь АН-ын төлөөлөгч нарын талд гараад дуусчихсан. Гэтэл бүтэн сарын дараа буюу хоёрдугаар сарын 23-нд дүүргийн Сонгуулийн хороо хөөн хэлэлцэх хугацаа дуучихсан байхад дахин хүмүүст арга хэмжээ авсан тогтоол гаргачихсан. Дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчин тогтоол гаргачихаар бид нар дахин шүүхэд хандахаас өөр аргагүй байдал үүсч байгаа юм. Сонгуулийн хороо татан буугдсан хойно арга хэмжээ авсан бол хэнд хамаарахгүй. Гэтэл сонгуулийн хороог татан буулгаагүй байгаагаас нөхдүүд хууль бус шийдвэр дахин гаргасан. Хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шүүх л тогтоох учраас бид шүүхэд хандчихаад явж байна.

АН-аас нэр дэвшиж сонгогдсон зургаан төлөөлөгч буруугүй гэдэг нь тогтоогдсон.

-Анх орон нутгийн сонгуулийн дараа АН-ын зургаан хүн дээр маргаан үүсэж шүүхэд хандсан. Тэр хүмүүстэй холбоотой асуудал нь эцэслэн шийдэгдсэн юм уу. Учир нь олдохгүй шүүхтэй холбоотой асуудал олон сараар яригдаад байгаа болохоор ялгах салгах үүднээс тодорхой ярьж өгнө үү?

-АН-аас нэр дэвшиж сонгогдсон зургаан төлөөлөгч буруугүй гэдэг нь тогтоогдсон. Захиргааны хэргийн шүүхээс энэ сонгуулийн хороо буруутай шийдвэр гаргасан байна. Энэ зургаан хүнийг эргүүлээд  нэр дэвшигч, төлөөлөгчийн бүрэн эрхийг нь сэргээж тогтоох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэр шийдвэр гарснаас хойш сарын дараа сонгуулийн хороо тухайлбал, Ш.Ганчимэг гэдэг хүний ухуулагч нь зөрчил гаргасан учраас ухуулагчийн ялыг Ш.Ганчимэг үүрэх ёстой гэсэн утга бүхий өөр тогтоол гаргачихаж байгаа юм. Миний ойлгож байгаагаар Монголд Улсад байтугай дэлхийн аль ч оронд хүний өмнөө хүн хариуцлага хүлээдэг тогтолцоо хаа ч байхгүй гэж үзэж байна. Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаад сонгуулийн хорооны хэсэг нөхдүүд буюу БЗД-ийн МАН-ын дэд дарга Г.Атармаа байгаа гэж харж байна. Хариуцлага тооцох хугацаа өнгөрснөөс хойш ухуулагчийнх нь өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэж шүүхэд өгсөн. Ийм нөхцөл байдал үүсчихээд бид дахин үүний эсрэг шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч одоо хүртэл үргэлжилсээр явна.

Хууль бус тамга хийлгэсэн хүн бол БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга, БЗД-ийн гуравдугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч Г.Атармаа гэж хүн байгаа юм

-БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гэдэг хүн хууль бус тамга тэмдэг хийлгэчихээд яваад байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Наад чинь буруу ойлголт байна. О.Бат-Өлзий чинь 53 дугаар сургуулийн захирал хүн. Дүүргийн сонгуулийн хорооны дарга. Нийслэлийн сонгуулийн хорооноос томилогдсон хүн. 2008, 2012, 2016 оны сонгуулиар хуучин дүүргийн Засаг дарга байсан МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Б. Батзоригийн ухуулагч, менежерээр ажиллаж байсан хүн. Ийм хүнийг 2016 оны орон нутгийн сонгуулиар дүүргийн сонгуулийн хорооны даргаар сонгогдсон. Намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хүн сонгуулийн хорооны дарга хийхээрээ намдаа үйлчилж байгаа үйлчлэл нь одоо энэ хүмүүсийг хууль бусаар нэрсийн жагсаалтаас хасах зэрэг шат дараатай ажлуудыг хийснээр ноцтой асуудлууд үүсээд шүүхээр яваад байгаа хэрэг. Хууль бус тамга хийлгэсэн хүн бол БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга, БЗД-ийн гуравдугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч Г.Атармаа гэж хүн байгаа юм. Энэ хүн шүүгч өмгөөлөгч олон жил хийж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн газар ажиллаж байсан хуулийн талаар өргөн мэдлэгтэй. Ийм хүн хууль бус тамга, баланк ашиглаад Нийслэлийн Засаг дарга С.Батболдод бид нар олонх болчихлоо. Сонгуулийн хороо шийдвэр гаргачихсан байна. Тийм учраас Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилно уу гэсэн утга бүхий албан бичгийг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр С.Батболд дарга гуравдугаар сарын 02-ны өдөр Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох захирамж гаргасан. Бид нар болохоор С.Батболд дарга Э.Бат-Амгаланг ямар үндэслэлээр Засаг даргаар томилсныг ойлгохгүй яваад байдаг. Гэтэл сая дөрөвдүгээр сарын 6-нд болсон шүүх хурлаар л Г.Атармаагийн өгсөн албан бичгийг нь олж харж байгаа юм. Г.Атармаа Иргэдийн хурал гэсэн бланк ашиглаад иргэдийн хурал гэсэн тэмдэг дарсан албан бичгийг Нийслэлийн Засаг даргад өгсөн байгаа юм. С.Батболд дарга энэ үйлдлийг мэдсэн эс мэдсэнийг бид мэдэхгүй. Ямартаа ч доод шатных нь хүн буюу БЗД-ийн МАН-ын хорооны дэд даргын өгсөн хууль бус албан бичгийг үндэслээд Э.Бат-Амгаланг томилсон. Тэгтэл шүүхээс энэ зургаан хүний эрхийг сэргээ гэсэн шийдвэр гаргачихаад байхад дүүргийн сонгуулийн хороо эрхийг сэргээсэн өдрөө эргүүлж нэрийг хасаад дахин сонгууль зарлах хэмжээний тогтоол гаргасан. Энд нэг зүйлийг онцолж ярихад Монгол улсад тэр тусмаа төрийн тамга тэмдгийг хэрхэн ашиглах заавар журам байдаг. Гэтэл нэг ялагдсан намын хэсэг бүлэг нөхдүүд төрийн тамгыг хуурамчаар хийгээд хуурамч акт бичиг үйлдээд Нийслэлийн Засаг даргыг захирамж гаргах хүртэл хэмжээнд хүргэсэн. Тэр захирамжаас үйлдэлтэй хэргээс  болж  БЗД үймээн дэгдсэн, азаар хүний амь нас эрсэдсэнгүй. Төрийн албан хаагч нарын буруутай үйлдлээс болоод үл ойлголцол, үймээн самуун үүсч, одоо иргэд ч ойлгохоо байгаад байна.  АН ялчихаад байхад МАН-ын хорооны дад дарга Г.Атармаа ИХ-ын дарга болчихсон юм уу гэж асууж лавлах нь их байна.

- МАН-ын хорооны дад дарга Атармааг хууль бус тамга тэмдэг, бланк ашигласны төлөө дахин шүүхэд хандсан гэж ойлгож болох уу?

-Эрүүгийн зөрчил учраас бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Хэрэг үүсгээд тодорхой арга хэмжээ авах байх гэж үзэж байна.

Захирамж нь хүчингүй болсон ч дүүргийн Засаг даргыг батламжлаагүй л байна.

-2017 оны аравдугаар сард дахин сонгууль явагдана гэсэн яриа байсан гарсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

-Захиргааны зөрчлийн маргаан нэгдүгээр сарын 23-нд дуусчихсан. Хоёрдугаар сарын 23-нд  дүүргийн сонгуулийн хороо шийдвэр гаргаад таван суудал дээр дахин сонгууль явуулна гээд зарласан. Тэр гаргасан шийдвэрээ Г.Атармаа Нийслэлийн Засаг дарга өргөхөөр С.Батболд дарга АН-ын таван суудал дээр дахин сонгууль явагдана. Тэгэхээр АН цөөнх болсон юм байна. Тэгээд Э.Бат-Амгаланг Засаг даргаар захирамжилсан. Тухайн үед Засаг дарга С.Батболд би захирамжаа хамгаална гэж байсан. Тэгтэл дөрөвдүгээр сарын 6-нд болсон шүүх хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Захирамж нь хүчингүй болсон ч дүүргийн Засаг даргыг батламжлаагүй л байна.

-Дөрөвдүгээр сарын 6-наас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засаг даргыг батламжлах асуудлыг Нийслэлийн Засаг даргад дахин өргөн барьсан уу?

-Шүүхийн шийдвэр бичгээр гарч ирсний дараагаар бид нар дараагийн алхмыг хийх ёстой. 14 хоногийн хугацаатай. Сүүлийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 20. Бичиг албажиж гарч ирэхээр өргөн барих уу, дахин шүүхэд хандах уу гэдэг асуудал яригдана.

-За тэгвэл АН-ын дэвшсэн зургаан төлөөлөгчийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болох уу?

-Бүрэн шийдэгдсэн.  Тухайлбал, анхан шатны шүүхээс М.Мэндбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шийдвэр нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхна шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж гарсан. 970 дугаар шийдвэр нь “Сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны  2016 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож,М.Мэндбаярыг Сонгуулийн тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулахыг дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай ” гэж гарсан.

-Анхан шат, давж заалдах, дээд шүүхэд гэхчлэн шат дараалан шүүхээр явсан гэж ойлгож болох уу?

-Тийм. Бид нар аравдугаар сарын 25-нд гомдол гаргасан. Анхан шатны шийдвэр манай талд гарлаа. Тэгэнгүүт дүүргийн сонгуулийн хороо давж заалдсан. Тэдний гомдлоор магадлал дээр гарсан. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, давж заалдах гомдол чинь үндэслэлгүй байна. Дахиад сонгуулийн хороо дээд шатны шүүхэд гомдол гаргасан. Дээд шатны шүүхээр анхан, завж заалдах шатны шийдвэр хэвээрээ, зөв байна гэж гарсан. За бид шүүхийн асуудал дууслаа. Сонгуулийн хороо эргээд энэ хүмүүсийг томилох нь. Гэхдээ бид нар анхдугаар хуралдаанаа хийчихсэн. Учир нь нэрсийн жагсаалтаас хууль бусаар хассаныг бид нар хуулиас хараад мэдэж байсан. Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байвал нэрсийг жагсаалаас хасах асуудлыг дүүргийн сонгуулийн хороо ярилцана” гэсэн байдаг. цагдаа шалгаагүй, шүүгч хянаж үзээгүй байхад иргэний гомдлоор хасчихаж байгаа юм. Тийм учраас хуулиа зөрчсөн байна гэдгийг гурван шатны шүүх нь дэмжсэн зургаан хүн дээр яг адилхан ийм шийдвэр гарсан. Бид нар 9 тогтоол шүүхээр яваад зургаан нь шийдэгдэж одоо гурав шүүхээр хэлэлцэгдээд явж байна.Дүүргийн сонгуулийн хороо нэг 19 тогтоол гаргасан. Албан бичиг дээрээ хоёрдугаар сарын 23 гээд он сар тавьсан байгаа юм. Тэгсэн АН-д өгсөн албан бичиг нь гуравдугаар сарын 02 гэсэн огноотой.

-Дүүргийн сонгуулийн хороо нэг өдөр төлөөлөгчийн эрхийг сэргээгээд хассан гэж ярилаа. Ингэж болдог юм уу?

-Ер нь дүүргийн сонгуулийн ойлгох хэрэгтэй. Бид нарын энэ асуудал анхан шатны шүүхээр магадгүй анхан шатын шийдвэр гарсны дараа дахиад хууль бус тогтоол гаргаж байгаа юм. Гурван тогтоол гаргасан. Шүүх та нар хуулийг өөрт ашигтайгаар буруу тайлбарлаад байна гэдгийг шүүх тогтоосон. Захиргааны хэргийн шүүхээс АН-ын зургаан хүний эрхийг сэргээсэн. Нэг бүрчлэн тогтоол гаргасан. Сонгуулийн хууль зөрчинө гэдэг нь Захиргааны зөрчил юм байна. Захиргааны зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр хоёр шатны шүүхээр хянах ёстой. Эрүүгийн шийдвэрүүдийн үндэслээд төлөөлөгчийн нэрийг хассан. Тухайлбал, Б.Саруулын 62 дугаар тогтоол, захирамжид АН-ын Б.Саруулыг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тогтоогдохгүй байна. Тогтоогдоогүй учраас хариуцлага хүлээх боломжгүй болсон. Гэтэл Б.Саруулын шадар туслах хийж байсан Цэндсүрэнд гаргасан шийдвэрийг үндэслээд Б.Саруулын нэрийг сонгуулийн хороо хассан байх жишээтэй.

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Э.Бат-Амгалан томилогдсонтой холбоотой үймээн гарч дүүргийн Тамгын газрын эд хогшил эвдэж сүйдэлсэн. Тэрний хохирлыг хэн барагдуулах ёстой вэ?

-Дүүргийн хэмжээнд хохирлын хэмжээг тогтоогоод тодорхой хэмжээний мөнгөн дүнгээ гаргасан байгаа. Өнөөдөр шүүхийн асуудал эцэслэн шийдэгдсэний дараа хохирол барагдуулах асуудал яригдах байх.

Ярилцсанд баярлалаа.               П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolor
Za hutsaa ta nar idsen uusan munguu daldlah gej uchnuun yum bolj bgaa.
2017/04/24 122.201.21.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment