8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтэрч, нойтон цас орно

2017-04-24 11:23:20

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар цаг агаарын 4-5 дугаар сарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол орны нутгаар сүүлийн 70 гаруй жилд газар орчмын агаарын температур 2.24 градус дулаарч, хур тунадас аажмаар буурч байна. Зуны улирлын агаарын температур 2.4-4.2 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8-10 хувиар буурч байна. Монгол орны төв хэсгээр дулааралтын эрчим, хур тунадасны бууралт хамгийн эрчимтэй явагдаж байна гэж онцлов.

АЛТАЙН ӨВӨР ХЭСГЭЭР ХУР ТУНАДАС БАГА ОРНО

Дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар 1-12 мм бороо хур орж, агаарын температур уур амьсгалын дунджаас дулаан байв. Энэ сарын 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22,26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23-24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч, шороон болон цасан цасан шуурга шуурах төлөвтэй.

Агаарын температур 22-24-нд нутгийн зүүн хагаст, цас бүрэн арилаагүй нутгаар өдөртөө 3-8 градус дулаан, шөнөдөө 6-11 градус хүйтэн. Говийн бүс нутгаар өдөртөө 11-16 градус дулаан, шөнөдөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22 градус дулаан байна гэж мэдээлэв.

БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Тавдугаар сард уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур уулархаг нутгаар 5-10 градус, өмнөд говиор 15-19 градус, бусад нутгаар 9-15 градус дулаан байна. Хур тунадас баруун ба говийн нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-30 мм орно. Энэ сард Монголын ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дунджийн орчим байна.
 

 

Харин хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Завхан, Хөвсгөл, Өмнөговийнзүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд сумдаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээгээр орно. Зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж температурын огцом өсөлт, хур тунадас орох нь багассанаас хуурайшилт нэмэгдэж, хөрсний чийг багасах болж хохирол дагуулсан байгалийн үзэгдэл ихсэх хандлагатай байна.

Энэ жил ч мөн хэд хоногоор огцом халах, түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер бууж болзошгүй. Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэх, нойтон цас орох зэрэг үр тариа, таримал ургамлын ургалт, болцод сөргөөр нөлөөлөх цаг агаарын тааламжгүй үе тохиолдох магадлал өндөр гэж мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment