Ховд аймгийн музейн судлаачид Алтайн нурууны 2.803 метрийн өндрөөс Түрэг угсааны эмэгтэйн шарилыг өнгөрсөн онд илрүүлсэн. Тэгвэл уг булшийг Монголын үндэсний музейд байршуулж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Түрэг эмэгтэйн шарилын талаар шинэ мэдээлэл, гэрэл зургууд “The Siberian Times” сонинд гарсан бөгөөд шарилын сэргээн засварлалтыг хийж байгаа нэг судлаач гутлын талаар “Гутал нь улаан, хар өнгийн судалтай маш загварлагаас гадна оёдол сайтай. Ийм гутлыг би одоо ч худалдаж авахад бэлэн байна” гэж хэлсэн талаар мэдээлэлд дурдсан байв. Түрэг эмэгтэйн гоёл зөвхөн гоёмсог гутлаар ч тогтохгүй. Авсанд нь маш загварлаг цүнх байсан талаар сэргээн засвар хийж байгаа мэргэжилтнүүд өгүүлсэн байна.
Эмэгтэйг хувцас цүнхнээс нь гадна гоо сайхны хэрэгсэл, оёдлын багаж хэрэгсэл, морь, хонины толгойтой хамт оршуулсан байжээ. Гоо сайхны хэрэгсэл дотроос толь, сам, жижиг хутга гарч ирсэн байна. Маш сайн хадгалагдсан учраас заримыг нь одоо ч хэрэглэж болохоор байжээ.