Ц.Ням-Осор чинь худалч хүн юм байна. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулаад нүүрийг нь харж байгаад “Эрдэнэтийн захиралд 10 мянган доллар буюу 24,5 сая төгрөгийн цалин өгөхийг би зөвшөөрлөө”, “300 саяар авсан машиныг ёстой мэдэхгүй, өөрийнх нь эрх мэдлийн хүрээний асуудал байна”, “Томилолтоор явсан ажлын хэсгийнхэн хаана буудаллаж, хэд хоносныг би мэдэхгүй” гэж хэлж байсан нь саяхан даа. Гэтэл Х.Бадамсүрэн захирал 24,5 биш гурван сая төгрөгийн цалин авдаг гэдгээ хэвлэлийнхний өмнө хариуцлагатайгаар мэдэгдлээ. Түүний өмнөх машиныг ТӨБЗГ авсан тул шинэ машин авах хэрэгцээ гарсан нь баримтаар илчлэгдлээ. ТӨБЗГ-аас төрийн өмчит компаниудад шалгалт хийх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт ажилласан 20 гаруй хүн Ц.Ням-Осорын “Сэлэнгэ” зочид буудалд сар шахам байрлаж, түүний компанийн тамга тэмдэгтэй томилолтын баримтаа санхүүд тушаасан нь илэрлээ. “Би бол гүйцэтгэгч, дээрээс өгсөн шийдвэрт хууль эрхзүйн зөрчил байсан. Гэвч би бол ажлаа л хийж байгаа албан хаагч” гэж өөрийгөө тодорхойлсноор “Амьгүй албат” цолтой болсон. Мөн тэрээр “Буруудвал төр хариуцлага хүлээнэ” гэж бултсан. Харин одоо бага гэж голохгүй төрийн мөнгөнөөс хүртэх том зорилготой нь илэрхий боллоо. Эрдэнэт хотод сурч, амьдарч, анхны бизнесээ эхэлж, намын хороог нь даргалж ирсэн Ц.Ням-Осорыг Эрдэнэт үйлдвэрийн өмчийг төр төлөөлөн захирах газрын даргаар томилох нь ашиг сонирхлын зөрчлийн том жишээ. Тэр худлаа хэлж, хувьдаа завсшаар л байг уу?
Э.Бат