Японы сумо бөхийн их аварга, мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа өнгөрсөн баасан гаригт таалал төгссөн байна. Тэрбээр эзэн хааны цомыг 24 удаа хүртэж байсан бөх аж. Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Facebook” хуудсаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийлжээ.Их аварга хэлэхдээ "Мэргэжлийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. "Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан "За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй! Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо! Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай!” гэжээ.
Их аварга Д.Дагвадорж “Facebook” хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийллээ
2017-04-28 08:53:00