УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал бодлоо хэлж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хар тамхины хэрэг өмнө нь эрүүгийн гэмт хэрэг байсан. Гэтэл одоо зөрчил болж байна. Баян айлын хүүхдүүд ийм гэмт хэрэгт өртөх нь элбэг байдаг. Гэвч хар тамхитай тэмцэх гэдэг үг юу болж хувирч байна вэ. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг. Гэтэл үүнийг зөрчил гэж оруулж ирсэний төлөө эмэгтэйчүүд баярлаж байна гэж ярьж болохгүй. 65 уулаа нийлээд ингэж болохгүй.” хэмээн хууль санаачлагчдад хандаж хэллээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ “ О.Баасанхүү гишүүнийг хууль ч гэж бодсон чинь нэгдүгээр курсын оюутнаас дор байна. Хориглосон гэдгийг тов тодорхой заачихсан байгаа. Үүнийг захын оюутан хараад уншаад ойлгочихно. Телевиз ашиглан гүжирдэж болохгүй. О.Баасанхүү гишүүнээ та хуулиа унш” хэмээн хэлсэн байна.