МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ. Бага хурал нь 310 гишүүний бүрэлдэхүүнтэй. Өнгөрсөн хугацаанд хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой талаар тус нам судалгаа хийжээ.
Ирэх сарын 3-нд хийх бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Тиймээс судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэх юм. Харин сөрөг хүчин АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн горилогч бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч эдгээр эрхмүүдээс энэ удаад зөвхөн Э.Бат-Үүлийг онцолж, түүний талаар мэдээлэл хүргэе.
Эрдэнийн Бат-Үүл гэж хэн бэ
Монголын уран зохиолд өөрийн гэсэн орон зайтай зохиолч Сэнгийн Эрдэнийнд 1957 оны долдугаар сарын 01-нд Э.Бат-Үүл мэндэлсэн. Тэрбээр энэ жил 60 нас хүрч байна. Улс төр судлаач, Физикч, физикийн багш мэргэжилтэй. 1975-1981 онуудад Монгол Улсын Их сургуулийг төгссөн. 1989-1990 оны ардчиллын тэргүүн эгнээнд явсан Э.Бат-Үүл монголын улс төрд 28 жил чанагджээ. Тэрбээр улс төрийн ажил хийсээр 2000-2004, 2008-2012 оны УИХ-д нийт найман жил суусан. Түүний эхнэрийг Б.Дэлгэртуяа гэдэг. Э.Бат-Үүлийнх гурван хүүхэдтэй.
Тэрбээр 1981-1982 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байгаад, 1982-1985 онд өөрийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдон ажиллаж байсан. 1985-1989 онд Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Ийнхүү академид ажиллаж байхдаа 1988 оноос Шинэ Үе хэмээх нууц бүлгэмийг байгуулж ардчилсан үзэл санааг түгээх зорилготой ухуулах хуудас нааж эхэлснээр улс төрийн амьдралын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Одоогоос 7 жилийн өмнө Ардчилсан хувьсгал заавал ганц ч болтугай баатартай байх ёстой хэмээсээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анд найз Үүлдээ Монгол Улсын баатар цол олгож олны нүдийг орой дээр нь гаргаж байсан.
Э.Бат-Үүл яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг харвал ямар нэгэн хэрэгт шалгагдаж эхэлсэнийхээ дараа шударга бус зүйлийн төлөө тэмцэнэ, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хэд, хэдэн хүн бий. Түүний нэг нь Хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэрбээр. С.Зоригийн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаж үс, цусны шинжилгээ хүртэл өгч байсан. Монголын ардчилалын алтан хараацай С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж, хоригдож ч байсан удаатай. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа буюу өнгөрсөн жил анх удаа Э.Бат-Үүлээс шинжилгээ авсан. Гэвч тун удахгүй С.Зоригийн хэрэг нам чимээгүй болсон. Үүний дарга түүний хүү Б.Чулуудайн оффшор данс илэрч бас нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Энэ бүхний дараагаар Э.Бат-Үүл Нийслэлийн АН-аа удирдаж УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон.
Тэрбээр жилийн өмнө “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна гээд сандарч мэгдээд байгаа хүмүүст хандаж нэг зүйлийг хэлье. Би нэр дэвшихгүй ээ. Метроныхоо түлхүүрийг гардаж авна аа. Гэр хорооллынхоо иргэдийг сайхан амьдралтай болгоно оо. С.Баяр нэг удаа “Би мөчир болгон дээр суудаг болжмор биш ээ” гэж. Би бас тийм болжмор биш” хэмээн хэлж байсан удаатай. Ингэж хэлж байсан Э.Бат-Үүл гэнэт нэр дэвшихээ мэдэгдсэн. Магадгүй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэний дараагаар айж сандарсандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан гэх хүн ч байна. Зарим хүмүүс сэтгэлийн дуудлагаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол Э.Бат-Үүлийн хувьд хэрэгт орооцолдсоны дараа нэр дэвшихээ илэрхийлсэн нь олон эргэлзээг дагуулаад байгаа.
Түүний нэр холбогдож байсан мэдээлэл С.Зоргийн хэргээр дуусахгүй. Тодруулбал, Э.Бат-Үүл өөрийн төрсөн хүү Б.Чулуудайд тендер авч өгсөн талаар мэдээлэл гарч нэлээд шүүмжлэлд өртсөн. Бат-Үүлийн Чулуудайн нэр дээрх “Гранд Лайн” компаний гэрчилгээг 2015 оны оны 2 дугаар сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл өөрөө гаргасан. Мөн тухайн онд ямар ч туршлагагүй уг компанид дахин төлөвлөлтийн тендерийг авч өгсөн зэрэг дуулиан дэгдэж байсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг учраас Э.Бат-Үүлийн хувьд өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулж өвдөг шороодсон. Харин одоо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын дотроос гарч ирж чадах болов уу.
Э.Бат-Үүлийн амлалт
Харин одоо 2012 онд анх сонгогдож байхдаа ямар амлалт өгч байсан талаар мэдээлэл хүргэе. 2012 оны сонгуулийн үеэр УИХ бус орон нутагт өрсөлдөхөөр болсон нэр дэвшигч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөр дундаас гэр хорооллыг хаусжуулна гэсэн өгүүлбэр олны анхаарлыг татсан. Ингэхдээ хашааны газар дээр чинь тохилог, хувийн орон сууц бариад өгнө. Тэндээ мод бут, зүлэг ногоогоо тарьж, өөрсдийн дураар амьдрах боломжийг би олгоно. Хашаанд чинь цэвэр, бохир усны систем, төвлөрсөн халаалт оруулаад өгнө хэмээн ярьж явсныг санаж буй хүн олон байх.Газар доороо хоттой болох, метро барих, гэр хорооллыг хаус хороолол болгох томоосохон амлалтууд өгч байсан билээ. Бараг л хашааны банхарт хаус барьж өгнө хэмээн ярьсан амлалт өнөөдөр нэгэн ч биелэлээ олоогүй, мөрөөдөл болоод өнгөрсөн.
-Газар доороо хоттой болно.
-Метро барина
-Гэр хороолол хаус хороолол болно.