Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг ЗГ-ын хуралдаанаар өнгөрсөн сард хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Үүний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг тавдугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо
Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.