8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН, МАХН, АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ

2017-04-29 10:42:00

МАН-ын Удирдах зөвлөл хоёр хоногийн өмнө хуралдаж, ирэх тавдугаар сарын 3-нд Бага хурлаа хийхээр товложээ.. Тус нам хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл ялалт байгуулах боломжтой талаар тус  судалгаа хийжээ.Ирэх сарын 3-нд хийх бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж. Тиймээс судалгаанд үндэслэсэн нэр дэвшигчээ Бага хурлаар оруулж, шийдэх юм. Бага хурал нь 310 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тус гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн тодорно.Одоогийн байдлаар МАН-аас тус намын дарга М.Энхболд, мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарын дуулдаж эхэлсэн байна. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж өвдөг шороодож байсан. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд МАН-аас дөрвөн удаа УИХ-д сонгогдсон бөгөөд Хэнтийн аймгийн төлөөлөл. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаа нэр дэвших магадлалтай. 
Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал маш өндөр. Намдаа нэр нөлөөтэй, хатуу байр сууртай гишүүдийн нэг. Харин намын дарга М.Энхболдын хувьд тус намаас нэр дэвших магадлал маш өндөр. Өнгөрсөн ЖИХ-ын сонгуулиар намаа ялалтанд хүргэсэнМ.Энхболд тус намын гишүүдийн номер нэг сонголт байх нь ойлгомжтой. 

Харин сөрөг хүчин АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хэд хэдэн горилогч бий. Тодруулбал,Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн.Тус намынхан ирэх сарын 06-нд нэр дэвшигчээ тодруулна. 

Гурав дахь хүчин болох МАХН мөн л нэр дэвшигчээ нам дотроо ярилцаж байна. Хэд хоногийн өмнөөс  МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч нэгэн. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Манай намын дарга Н.Энхбаярт Ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй.Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн” хэмээн "Б" хувилбарын хөзрөө дэлгэсэн. Үүнтэй зэрэгцээд тус намынхан намын дарга Н.Энхбаярыг сойж байгаа. Уг шийдвэрийг ч нотолж, МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж:  " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын  бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа.  Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн хэлсэн. Тэдний эцсийн найдвар нь мэдээж Н.Энхбаяр. Гэхдээ түүний ялын хугацаа дуусах болоогүй байгаа бөгөөд магадгүй оймсыг гозолзуулсан үйл явдал болж магадгүй учраас тэдний нам өөр төлөвлөгөө ярилцлаж байгаа нь мэдээж. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэгвэл эхнээсээ горилогчид тодорч эхэлсэн төдийгүй, битүүхэн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа.  Горилогчдыг эцсийн байдлаар ирэх сарын 02-ны өдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.Хугацаа тулсан ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл