8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар төрийн ордонд хэлэлцэж байна

2017-04-30 10:00:00

Монгол Улсын Их Хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг батлан гаргасан. Энэ хүрээнд Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэн өчигдөр  (2016.04.29) Төрийн ордонд болж буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Тус уулзалт өнөөдөр маргааш үргэлжилнэ.

Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын уулзалтын нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ажиглагчид оролцсон байна.

 Засгийн газар болон УИХ дахь МАН-ын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага байгааг харуулсан гэж үзсэний үндсэн дээр зөвлөлдөх санал асуулга болж байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл