Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол улсын элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж эхэлсэн Г.Ичинхорлоо тэргүүтэй эсэргүүцэгчид өнөөдрийг хүртэл тэмцсээр байна. Тэд Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилогоог эсэргүүцэн “Энэ хүний томилгоо Монгол-Англи хоёр орны цаашдын дипломат харилцаа болон энэ хоёр орны ард түмний ашиг сонирхолд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно. Тиймээс энэ хүнийг татаж авах ёстой. Эсвэл шалгуулж нэр цэвэр гэдгийг баталж харуултал түр Элчин сайдын ажлаас нь түдгэлзүүлэх ёстой” гэсэн байр суурин дээр ийн жагсаж буй юм.
Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард С.Баярыг огцруулах ёстой, шалгаж үү өгнө гэх утга бүхий 8000 хүний гарын үсэгтэй шаардлагыг Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр Г.Ичинхорлоо тэргүүтэй жагсагчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж шаардах бичиг хүргүүлсэн байна. Түүний шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа
2017 оны 5 сарын 2 Лондон хот
Шаардах бичиг
Танд энэ өдрийн амгаланг эрж Лондон хотоос мэндчилж байна.
Бид ИБУИНВУ-д Монгол Улсыг төлөөлөн ирсэн элчин сайд Санжийн Баярын томилгоог 2017 оны 3 сарын 8 наас эхлэн эсэргүүцлээ илэрхийлсээр өчигдөр олон улсын эв санааны нэгдлийн өдөр буюу 5 сарын 1-ны байдлаар 47 дох өдрийг өнгөрүүллээ.
Энэ хугацаанд Монголын ард түмэн шударга ёс, хариуцлага нэхэж жинхэнэ хүнлэг ардчилалыг хүсч байгаагаа тодоос тод, чангаас чанга илэрхийлсэн олон үйл явдлууд өрнөж өнгөрлөө. Дэлхийн 30 орчим оронд амьдарч, сурч буй Монголчуудынхаа хамт энэ цагийн шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн шимийг хүртэн бүгдээрээ тал талаас өөрсдийнхөө ухаалаг утас, цахим цонхнуудаараа дамжуулан эх орныхоо улс төр, эдийн засаг, шүүх цагдаа, нийгмийн амьдрал болон тусгаар тогтголын талбаруудад юу болж байгааг бодит жишээн дээр харж гэрчилсэн чухал түүхэн өдрүүд болж өнгөрлөө.
МУ-ын төрд 30 жил ард түмнийхээ итгэлийг хүлээж төрийн өндөр хариуцлагатай албан ажлуудыг хашиж явсан С. Баяр нь өөрийн гэр бүл болон охидуудын нэр дээр тансаг зэрэглэлийн олон байрыг АНУ-д худалдан авч борлуулалт хийсэн болон оффшор данснуудтай болох нь хоёр жилийн өмнө олны дунд дэлгэгдсэн билээ. Тиймээс Монгол улс нь дэлхийн тавцан дээр тусгаар тогтносон, өөрийн хууль цаазтай ардчилсан гэх тодотголтой орны хувьд ард түмнийх нь зүгээс С. Баяр гэдэг хүн албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг мэдэх эрхтэй, бас мэдэхийг шаардах эрхтэй билээ. Мөн үүнтэй адил элчин сайд С. Баяр гуай ч гэсэн өөртэй нь хамаатайгаар ард түмэн, олон нийтийн дунд үүсэн бий болсон бухимдал, хардалтуудыг дагуулсан дээрхи асуудлуудаа хууль шүүхийн дагуу албан ёсоор нэг тийш нь болгож нэр төрөө цэвэрлэж ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг дахин олж авах бүрэн эрх боломж өөрт нь бий гэдгийг биднээр хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ.
Дээрхи шаардлагыг тавьж эд хөрөнгийнхөө эс үүвэрийг шалгуул гэсэн бидний эсэргүүцлийг маш богино хугацаанд олон хүмүүс дэмжсэн тул бид тэдгээр хүмүүсийн санаа бодол, хүсэлт, шаардлагуудыг давхар илэрхийлэн, тэдний төлөөлөл нь болж төрийн гурван өндөрлөгтөө хандан 3 сарын 27 нд шаардах бичгийг ЭСЯ болон ГХЯ-р дамжуулан хүргүүлсэн. 4 сарын 4-нд элчин сайд С. Баярт өөрт нь сайн дураараа ажлаа өгч нэр төрөө цэвэрлэхийг шаардаж 8000 хүний гарын үсэгтэй бичиг хүргэж өгсөн болно.
МУ-ын хуулийг хүндэтгэн 30 хоног хариу хүлээсний эцэст 4 сарын 26 нд МУ-ын УИХ-ын Тамгын Газраас бидэнд хариу бичиг илгээсэнийг ЭСЯ-р дамжуулан авсан. 4 сарын 21-нд элчин сайд С. Баяраас өөрөөс нь хариу албан бичиг хүлээн авсан. Мөн 4 сарын 28 нд Английн Foreign & Commonwealth Office-с Ази Номхон Далайн орнуудыг хариуцсан сайд, Парламентийн гишүүн Алок Шармагаас захиа хүлээн авсан.
Эдгээр хариу бичгүүдийн алинд нь ч бидний тавьсан шаардлагыг биелүүлсэн хариу аваагүй гэж үзэж байгаа тул бид эсэргүүцлээ дараагийн шатанд шилжүүлэхээсээ өмнө дахин нэг удаа энэхүү шаардах бичгийг танд илгээж байна. /Шинээр нэмж ирсэн 3000 орчим хүний гарын үсгийг хавсаргав. Гэхдээ нэгдэж хүлээн авч амжаагүй 45000 хүний гарын үсэг байгаа гэдгийг давхар уламжилья/
Тиймээс өнөөдрийн байдлаар 3 сарын 8 наас эхэлж С. Баяр нь Монгол улсыг болон Монголчуудыг төлөөлөн ИБУИНВУ-д элчин сайд байх эрхгүй гэж албан ёсоор гарын үсэг, хувийн мэдээлэлээ өгч нэгдсэн нийт давхардсан бус тоогоор 10000 хүний нэгдлийг илэрхийлсэн энэхүү шаардах бичгийг хүлээн авч бидэнд хариу өгнө үү гэж хүсч байна. Бас шаардаж байна. /Таны сонорт энэхүү шаардах бичиг аль болох хурдан хүрээсэй гэсэн үүднээс өөрсдөд олдох бүхий л арга замыг ашиглаж зарлан түгээх болно/.
МУ-ын хуулинд зааснаар элчин сайдын томилогоог МУ-ын Засгийн Газар өргөн барьж, УИХ хэлэлцсэний дараа эцэст нь ерөнхийлөгч хамгийн дээд түвшиний зөвшөөрөх шийдвэрийг гаргадаг гэсэн байна. Тиймээс бид таниас хариу хүлээн 5 сарын 1 нээс эхлэн 10 хоног эсэргүүцлээ Английн Парламентийн ордны урд ердийнхөөрөө үргэлжлүүлнэ.
Хүн бүрийн хүсээгүй, дүр эсгэсэн ардчилалыг халж одоо жинхэнэ хүнлэг ардчилалынхаа үүдийг нээхээд таны энэ гаргах шийдвэр маш чухал байх болно.
Баярлалаа.
Хүндэтгэсэн
Г. Ичинхорлоо
Э. Одонгэрэл