Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Одоогийн байдлаар МАН, АН Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хүнээ тодруулсан. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшихээр болсон бол АН-аас Х.Баттулга нэр дэвшихээр боллоо. Харин МАХН-ынхан маргааш хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулна.
Амлалтаа биелүүлдэггүй М.Энхболд нэр дэвшинэ
Өчигдөр МАН бага хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулсан. Хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцсэн юм. Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудал байсан. Тус намын Удирдах зөвлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлж Бага хурлын гишүүд М.Энхболдыг дэмжсэн юм. Санал хураалтын дүнгээр М.Энхболд 237, Ц.Нямдорж 27 хүний санал авч илт давуу байдлаар ялсан билээ. Ингээд МАН-ын дарга М.Энхболд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа. Түүний хувьд монголын улс төрд 25 жил ажилласан туршлагатай нэгэн. Харин ард түмэн энэ удаад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа М.Энхболдыг дэмжих эсэх нь эргэлзээтэй. МАН-ынхан нэг жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ард түмэндээ өгсөн амлалтандаа эхнээсээ мартаж эхэлсэн. Ингээд бид эргэн сануулах үүднээс МАН-ын ард түмэндээ амласан гол гол амлалтыг хүргэж байна.
- МАН төсвийг хэмнэлтийн горимд оруулж, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзана.
- МАН нам ялбал дараагийн дөрвөн жилд шинээр татвар авахгүй, татвар нэмэхгүй гэсэн бодлого баримталж байна
- Бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
- Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ
Тэд нэг жилийн өмнө ийм гол амлалтууд өгч байлаа. Гэтэл өнөөдөр манай улс ОУВС-аас зээл авахгүй бол цаашаа явах боломжгүй болсон хэмээн МАН-ын гишүүд мэдээлэл хийж, ямар ч аргаар хамаагүй зээл авна гэдгээ ч хэлсэн. Мөн үүнээс гадна МАН татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Гэтэл энэ амлалт эсрэгээрээ болж долоон төрлийн татварыг нэмсэн. Гурав хоногийн өмнөөс гэхэд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд гурван төрлийн татвар нэмсэн. Тодруулбал, Хадгаламжийн хүүгийн орлого, Импортын тамхи, Автомашины онцгой албан татваруудыг нэмээд байна. Захын амлалтыг эргэн харахад ийм байна. Ингээд амлалтаа биелүүлдэггүй М.Энхболд дарга нэр дэвшиж өрсөлдөнө.
Төмөр замын хэргээр шалгагдаж байгаа Х.Баттулга нэр дэвшинэ
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэлээд олон горилогч өрсөлдөж Х.Баттулга тодров. Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүссэн зургаан нэр дэвшигчийг дотооддоо өрсөлдүүлж, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нарын дунд ширүүн өрсөлдөөн болов. Ганзагын наймаанаас гараагаа эхэлж, унаж босч, шатаж одоогийн өндөрлөгт хүрсэн. Зураач, тамирчин гэсэн мэргэжил, эрхэм алдар түүнд бий. Түүнийг шазруун эх оронч зан хүмүүст үнэлэгддэг. Чухал хариуцлагатай сонгуульд Халтмаагийн хүү Баттулга нэр дэвшихээр албан ёсоор тодров. Түүнийг нэр хүндтэй улс төрч гэдгийг ард түмэн сайн мэдэх ч нэр цэвэр улс төрч үү гэдэг нь бас эргэлзээтэй. Уг нь өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар мэдээлэл хийхдээ Х.Баттулга, А.Гансүх нарын талаар “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэх мэдээллийг өгч байв. Гэхдээ түүнд холбогдох хэрэг ганц үүгээр дуусахгүй. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүдийг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөнөөс таван тэрбумыг завшсан" гэж үзээд саатуулж байсан. Гэтэл өнөөдөр энэ хэрэг нам чимээгүй болж нөгөө шалгагдаж байсан нөхөр нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнд тодорхой нэг шалгуур байх ёстой. Гэтэл гэмт хэрэгт орооцолдож, шалгагдаж дуусаагүй байхад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна.
МАХН өөх ч биш булчирхай ч биш
Улс төрийн гурав дахь хүчин болох МАХН өнөөдрийн байдлаар өөх ч биш булчирхай ч биш байдалтай байна. Үнэндээ МАХН-аас нэр дэвших хүн алга. Цорын ганц нэр дэвших магадлалтай хүн нь тус намын дарга Н.Энхбаяр байлаа. Гэв ч тэрбээр өрсөлдөх боломжгүй болов. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ. Харин түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэх мэдээлэл гараад байсан. Тиймээс ч Н.Энхбаярын өмгөөлөгч н.Дуламжав нь түүнийг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 20-ний өдөр ирүүлээд байсан юм. Тэгвэл шүүх уг асуудалд татгалзсан хариу өгчээ. Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.Ингээд тус намыхан “Б” төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болов. Гэтэл тус намд одоогийн байдлаар нэр дэвших хүн алга.
Хэд хоногийн өмнө МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа талаар мэдээлэл гарч байсан. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Манай намын дарга Н.Энхбаярт Ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн” хэмээн ярилцлага өгч байсан. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны талаар Н.Энхбаяр дарга ярилцлага өгөхдөө тэр талаар ярилцаагүй. Би л нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн. Энэ байдлаас харахад МАХН-д хонгилын үзүүрт гэрэл ч алга. Сөрөг хүчин нэр дэвшүүлчээд бэлтгэл ажилдаа орж байхад МАХН-д нэр дэвших магадлалтай ч хүн алга.