Өмнөговь аймагт өчигдөр байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралджээ.
Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм.Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өчигдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20.00 цаг хүртэл зогсоосон байна.