8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Заалнаас дүрмийн дагуу хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй

2017-05-04 13:47:00

Ардчилсан нам өчигдөр нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан билээ. Тодруулбал,  УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2740.9 оноо авч тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Түүний ялалтыг баталгаажуулж АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Наймдугаар Их хурлаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг баталгаажуулахдаа нууц санал хураалт явуулна гэж байна. Хэрэв унасан тохиолдолд яах вэ. Ардчилсан нам олон фракцитай байсан шүү дээ?
-Сонгуулийн Ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийг авсан саналын тоо хувь, дэмжсэн, дэмжээгүйгээр нь гарган баталгаажуулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн заалттай. Тэгэхээр хуулийн дагуу нууц санал хураалт явагдах юм. Унасан тохиолдолд асуудлаа үргэлжлүүлээд хэлэлцээд явна. Их хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцээд шийдвэрлэх боломжтой. Манай нам олон фракцигүй. Ганцхан Ардчилсан нам гэсэн фракцитай.

-Заалнаас нэр дэвшүүлж болох уу?
-Үндсэн дүрмийн заалтын дагуу намын дарга тухайн Их хурал дээр шаардлагатай үед нэр дэвшигчийг санал оруулах заалттай байдаг. Заалнаас дүрмийн дагуу хэн нэгнийг нэр дэвшүүлэх боломжгүй.  

-Сонгуулийн зардлын тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Үндэсний Аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр улс төрийн намууд дээд хязгаар нь 6,8 орчим тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулж болно гэсэн. Энэ хүрээнд ажиллана.
-УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан асуудал юу болсон бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль дээдлэх зарчимд хэн нэгнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн байдаг. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж ярьж болохгүй. Хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Монгол Улсын иргэний эрхийг эдлээд явж байгаа Х.Баттулга ч байна уу, хэн ч бай Монгол Улсын хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл