УИХ-д суудалтай гурван нам Ерөхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ тодрууллаа. МАН-ын намаас намын дарга М.Энхболд, харин АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарын нэр тодроод байгаа. Харин МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. МАХН-ын бага хурлаар нэлээд хэдэн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарч байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын нэр яригдаж байсан. Гэвч тэдний эцсийн хувилбар нь намын дарга Намбарын Энхбаяр аж.
Нэлээд хэдэн сарын өмнөөс МАХН-аас намын дарга Н.Энхбаяр өрсөлдөнө гэж байсан ч түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас боломжгүй гэдэг хариуг Сүхбаатар дүүргийн шүүхээс өгөөд байгаа билээ. Гэвч шүүхийн шийдвэр эсрэг гарсан ч гэсэн Н.Энхбаярын нэр тодорлоо. Хэдэн хоногийн өмнө О.Баасанхүү гишүүн ярилцлага өгөхдөө “Манай намын дарга Н.Энхбаярт ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий” хэмээн ярилцлага өгч байсан. Түүний энэ үгнээс харахад тус намд “Б” төлөвлөгөө бас байгаа бололтой.
МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж хэлэхдээ " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа. Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн хэлсэн. Тус намын зүгээс Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэвэл жагсана хэмээн мэдэгдлээ. МАХН-ын энэхүү шийдвэрийг хуулийн байгууллага хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Нэмэлт мэдээлэл дуулгахад Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусах тухай мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн билээ.