8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч, 3 төрлийн татвар нэмэгдсэн 7 хоног

2017-05-06 10:00:00

Энэ сараас нэмэгдэх татваруудтай танилцана уу

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл энэ онд долоон төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих гэж байна. Ингээд өнөөдрөөс нэмэгдэх татваруудыг танилцуулъя.

Хадгаламжийн хүүгийн орлого:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

 Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна

 Импортын тамхи:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н

 Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

 Автомашины онцгой албан татвар:

Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын нэгэн.

 Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм. 

Манай өсвөрийн шатарчид ДЭЛХИЙН АВАРГА болов

Шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын Улсын Яйши хотноо болж өндөрлөв. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид 12 ангилалд 36 цогц медалийн төлөө 9 өрөг тоглон ухаанаа уралдуулсан юм. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оюун ухаанаа уралдуулан оролцсон шатарчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багаараа дэлхийн аварга болжээ. 

Тэмцээний 7 нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Цэлмүүн, 9 нас хүртэлх нээлттэй төрөлд Э.Азжаргал, 11 нас хүртэлх эмэгтэй төрөлд Д.Мөнхзул нар тус тус алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг гурвантаа мандуулжээ. 

Харин 7 нас хүртэлх эмэгтэй тэмцээнд Б.Марал мөнгө, 13 нас хүртэлх нээлттэй төрөлд Д.Батсүрэн мөнгө, 15 хүртэлх насны эмэгтэй төрөлд О.Өлзийхишигжаргал мөнгө, 13 хүртэлх насны эмэгтэй төрөлд Б.Алтантуяа хүрэл медаль тус тус хүртсэн байна. 

М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

МАН-ын VIII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Санал хураалтаар Ц.Нямдорж, М.Энхболд нарын олонхийн санал авсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших ёстой. Одоогийн байдлаар 80 гаруй хувиар МАН-ын дарга М.Энхболдоо ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Монголчуудын хувьд энэ өдрийг тэмдэглэх болсоор 24 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. 1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй. 

1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг

Мэдээллийн эрх чөлөө бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь нэлээд өргөн утга агуулга бүхий ойлголт бөгөөд энэ хүрээнд мэдээллийг авах, өгөх бүлэг асуудал зохицуулагддаг. Үүнд олон нийтийн мэдэх эрх (төр засагт хяналт тавих, нийтээрээ мэдэж байх зүйл), мэдээлэл хүртэх эрх (төрийн албан ёсны мэдээллийг унших, сонсох, үзэх зэрэг ашиглах эрх), мэдээлэл олж авах эрх (иргэд болон сэтгүүлчид төр засгийн мэдээлэл олж авах боломж, механизм), мэдээллийг нээлттэй болгох (чухал мэдээллийг бусдад дамжуулах), мэдээллийг ил болгох (төрөөс хориглосон нууцтай холбоотой материалыг ил болгох боломж) зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг. 

Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсганасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийхийг хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал мөн. Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшихээр боллоо

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон билээ. Санал асуулга өчигдөр буюу Лхагва гарагт 10:00-20:00 цагийн хооронд явагдаж дууссан юм.Тэгвэл өнгөрсөн шөнө санал асуулгын дүн гарч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ

МАХН-ын Бага чуулган 12.00 цагт намын байранд эхэллээ. Хуралд оролцогсод Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшин өрсөлдөх гишүүнээ сая дөнгөж тодруулсан байна. Тус хуралдаан дээр  Намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарын нэр яригдаж, бага чуулганаас Н.Энхбаярыг өрсөлдүүлэх шийдвэр гарлаа.   

Энх тайвны гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завджээ

Өчигдөр цагдаагийн байгууллагад "ХУД-ийн I хороо, Энх тайвны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч Ч.Машбаяр, Л.Мягмарсүрэн нар шалгахад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат 21 настай эмэгтэй Б гэгч амиа хорлохоор үсрэх гэж байжээ. Тэрээр сэтгэл санааны хямралаас болж амиа хорлох гэж байсныг шалгалтаар тогтоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

УИХ 29 дүгээр тогтоолоо цуцаллаа

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “11/ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн дэд заалт нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа учраас Сангийн сайд тогтоолын энэ заалтыг хүчингүй болгох хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Иймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо “Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын төсөл боловсруулан өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаархи тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тогтоолын төсөлд Монгол УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1 дэх заалтын 11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Д.Сүхбаатарын талбайд болсон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор “Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв.

Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.

Засгийн газар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.

Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл