8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд хааны ордон музейн 70 гаруй шувууны чихмэлийг сэргээн засварлажээ

2017-05-06 12:00:00

Богд хааны oрдон музей болон ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенберг (Schenkenberg)-ийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хоёрдугаар шатны ажил явагдаж дуусчээ. Хамтын ажиллагааны хүрээнд Богд хааны ордон музей, Монгол улсын их сургууль, Байгалийн түүхийн музей, Германы Зенкенберг Байгалийн түүхийн музей хамтран Богд Хааны Ордон Музейд хадгалагдаж буй шувууны чихмэлийг сэргээн засварлах, төрөл зүйлийг тодорхойлох, дэглэлтийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллажээ.

Сэргээн засварлалтын ажлын хүрээнд ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч Х.Маргит болон Г.Диана нартай хамтран Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд музейн 70 гаруй шувууны чихмэл цуглуулгыг сэргээн засварлах дадлага сургалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Одоогоор Богд хааны oрдон музейд нийт 70 гаруй шувууны чихмэлүүд хадгалагддаг ба эдгээр чихмэлүүд Богд хааны чихмэл амьтны цуглуулгын нэгээхэн хэсэг юм. Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байна.

Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюул нүүрлэж буй өнөө үед одоогоос 116 жилийн өмнө хийгдсэн Богд хааны амьтдын чихмэл цуглуулга дотор устаж үгүй болсон амьтны чихмэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч эдгээр амьтдын чихмэл цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсч нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтын ажлыг гүйцэтгэх шаардлагатай болсон юм.

Богд хааны эдгээр амьтны чихмэл цуглуулгыг анх 1901 онд Германаас захиалан авчруулж байсан бол эдүгээ 11 жилийн дараа Германы сэргээн засварлагчид ирж шувууны чихмэлүүдийг сэргээн засаж буй нь онцгой ач холбогдолтой түүхэн үйл явдал боллоо. Шувууны чихмэлүүдийг сэргээн засварлах энэхүү төсөл хоёр үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд эхний шатны ажил өнгөрсөн оны 11 сард амжилттай өндөрлөсөн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл