8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигын эсрэг хамтын ажиллагаа ба MNS/ISO 37001 стандарт

2017-05-09 09:50:00

Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Манай улс авлигын индексээр 150 орноос 87-д орсон байна. Энэ нь өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 15 орноор ухарсан үзүүлэлт гэдгийг албаныхан онцоллоо. Тиймээс авлигын эсрэг авах арга хэмжээг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээн уулзалтад оролцогчид тэмдэглэж байв. Авлигыг бууруулахын тулд засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй юм. Энэ удаагийн сургалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, АТГ-ын Захиргааны хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй албаныхан болон Брюсселийн шүүхийн гишүүн, Корпорацийн хариуцлага, авлигатай тэмцэх олон улсын танхимын дэд дарга, эрх зүйч Франсуа Винске, Их Британийн банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштон, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн бусад төлөөлөгчдийн хамт оролцлоо. Тус сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хувийн хэвшил дэх хээл хахууль удирдлагын систем, олон нийтийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, гааль, гадаад худалдааны салбар дахь авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөж төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд санал бодлоо солилцов.

САЙН ХУУЛЬД ТҮШИГЛЭСЭН ЗӨӨЛӨН МЕХАНИЗМ ХЭРЭГТЭЙ

Манай улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэн юуг, хэрхэн хийх вэ гэдгийг тодорхойлсон аж. Авилга нь улс орнуудын хөгжилд саад учруулж, үндэсний эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгааг энэ удаагийн сургалтад оролцож буй гадны экспертүүд хэлсэн. Тиймээс эрүүл эдийн засагтай, улсаа хөгжүүлэхийн тулд авлигатай тэмцэх ажлыг хамтын оролцоотойгоор идэвхжүүлэх хэрэгтэйг санууллаа. Сургалтын үеэр Брюсселийн шүүхийн гишүүн, Корпорацийн хариуцлага, авлигатай тэмцэх олон улсын танхимын дэд дарга, эрх зүйч Франсуа Винске “Авлига байх ёсгүй зүйл хэдий ч маш түгээмэл байж ирсэн. Гэхдээ орчин үед техникийн дэвшлийг ашиглан шинэчлэл хийх боломжтой. Тодруулбал, аж ахуйн нэгжийн төвшинд авлигын эсрэг оновчтой бодлого хэрэгжүүлснээр үндэсний хэмжээнд тодорхой дэвшилд хүрнэ. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагааны хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй” гэв. Ер нь авлигыг хязгаарлахад хуулиас илүү хэрэгжүүлэх механизм чухал байдаг аж. Тиймээс сайн хуульд түшиглэсэн зөөлөн механизмыг хэрэгжүүлснээр Монгол Улсын авлига буурах боломжтой гэдгийг тэрээр зөвлөж байлаа. Түүнчлэн нөлөөллийн үйл ажиллагааг явуулах нь илүү далайцтай үр дүнд хүрэх боломж гэдгийг онцлов.

АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БА ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ

Үнэн хэрэгтээ төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх нь илүү нээлттэй, ил тод орчныг бүрдүүлдэг жишиг олон улсын туршлагаар нотлогдсон байдаг. Тиймээс манай улс үүнийг хэрэгжүүлэхийн тулд Авлигын эсрэг үндэсний хөтөлбөртөө тусгасныг АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн хэллээ. Тодруулбал, хувийн хэвшлийг чадавхжуулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр тус хөтөлбөрт тусгасан байна. Мөн төр, хувийн хэвшлийн хооронд хийж байгаа гэрээ хэлцлийг ил тод болгохоор заажээ.

Манай улс 1996 онд Авлигалын эсрэг хууль батласан боловч түүний хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд  шинэ нөхцөл байдалд тохирсон  төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ төлөвшөөгүй байна гэж үздэг. Монгол Улсад авлига бодитойгоор оршиж төрд итгэх итгэлийг алдагдуулсан юм. Энэ нь улс төр, эдийн засгийн шинэтгэлд бэрхшээл учруулж буйг судлаачид хэлдэг. Цаашилбал, авлигын цар хүрээ, үр дагаврын талаар бодитой судалгаа хийж, үнэлэлт өгч байгаагүй гэж болно. Тиймээс авлигатай хийх тэмцэл зөвхөн цуу яриа, хэвлэлийн шуугиан төдийгөөр хязгаарлагдаж байгаа нь энэ үзэгдэлд нийтээр дасах хандлага бий болгож болзошгүй гэдэг үүднээс Үндэсний хөтөлбөр баталсан хэмээн албаныхан хэлж байна.

АВЛИГЫН СТАНДАРТЫГ НУТАГШУУЛЖЭЭ

Энэ удаагийн сургалтаар хамрагдсан хүмүүсийг чадавхжуулан бэлтгэхийг зорьж буйгаа зохион байгуулагчид ярилаа. Тиймээс сургагч багш Их Британийн банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштон “Эрх ашиг болон хохирогчийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг чухал. Гэхдээ үүнийг хийх хэцүү.Мөн эрсдлийг огт байхгүй болгоно гэж үгүй. Харин бууруулж болно. Олон улсад OECD-ийн стандарт гарахаас өмнө авлига өндөр төвшинд байсан. Авлигын эсрэг конвенц нь эрх зүйн чадамжтай цорын ганц бичиг баримт гэж болох юм. Энэ нь стандартыг тогтоодог байгууллага. Ер нь энэ конвенц гарснаар авлигад цэг тавих эхлэл болсон гэж үздэг” гэж байв. Тэгэхээр авлигыг бууруулахад стандарт зайлшгүй шаардлагатай хэмээн “ISO Mongolia” компанийн ерөнхий захирал Б.Оюунгэрэлийн хэлсэн нь батлагдаж буй. Тэрээр аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нь стандартаас хамаарч олон улсын хэмжээнд үнэлэгдэнэ гэж байлаа. Тиймээс сүүлийн үед аж ахуйн нэгжүүд олон улсын стандартыг нэвтрүүлснээр экспортод бүтээгдэхүүнээ борлуулахад дөхөм болно гэж үздэг. Энэ нь ч бодит амьдралд нотлогдож буй.

Энэ удаад Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж сэдвээр “ISO Mongolia” компанийн ерөнхий захирал Б.Оюунгэрэл илтгэл тавьсан. Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны ISO 37001:2016 шинэ стандартыг эх орондоо нутагшуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд баталгаажуулсан байна. Энэ стандартыг нэвтрүүлснээр авлигатай тэмцэх шаардлагыг тогтоох, авлига үүсч болох бүх салбарыг хамгаалж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой аж. Түүнчлэн MNS/ISO 37001:2016 стандартыг хэрэгжүүлснээр авлигын индекс буурна, олон улсад Монгол Улсын нэр хүнд өсч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх ач холбогдолтой юм байна. Мэдээж эдийн засгийн болоод нийгмийн хариуцлага өснө. Мөн төсвийн үргүй зардал багасч бүхий л үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн урсгал шилэн дансаар харагдаж боломжтой хэмээн  Б.Оюунгэрэл онцолж байлаа.

Ер нь манай улс авлигатай тэмцэхийн тулд хамтын ажиллагааг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд төр- хувийн хэвшил, олон нийтийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн гадны төлөөлөгчид хэлж байна. Тиймээс энэ удаагийн сургалтаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн УИХ-д өргөн барихаа Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн мэдэгдлээ.

Авлигагүй нийгмийг цогцлоохын төлөө хувь, хувьсгал ялгалгүй хамтарч ажиллахыг оролцогчид уриалж байв. Стандартыг хэрэгжүүлэхдээ эхлээд төлөвлөж дараа нь гүйцэтгэх учиртай. Үүний дараа хяналт шалгалт явуулан сайжруулах алхам хийснээр үр дүн харагддаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл