Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог шинэчлэн өөрчилж, хэрэгжүүлэх асуудлыг бодлогын төвшинд хэлэлцэх нь өнөөдрийг үйл ажиллагаа гол зорилго юм” гэж тодотгов.
Тэрээр “Дэлхийн улс орнууд эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжиж байгаа өнөө цагт НҮБ-аас гаргасан зөвлөмжүүдийг үндэслэн аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, улмаар хүний амь нас, нийгэм, эдийн засагт учирч болзошгүй хохирлыг бууруулах, хор хөнөөлийг цаг алдалгүй арилгах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт болж байна” хэмээсэн юм.
Манай улсын хувьд дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан билээ. Ингэснээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчлэсэн анхны орнуудын нэг болж чадсан юм.
Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нутгийн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцооны шинэчлэл хийгдэх юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.