8o
Улаанбаатар хот
mobile menu

Яалтын бага хурлын дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө сүндэрлэлээ

2017-05-09 17:36:34

Өнөөдөр Ялалтын баярын өдөр. Аугаа Эх орны дайны Ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдрийн өмнө болсон. Тэгвэл уг дайнд чухал үүрэг, хариуцлагатайгаар оролцсон их гүрний нэрт удирдагчид болох И. В. Сталин, Ф.Д. Рузвельт, У. Черчилль нарын түүхэн уулзалтыг илэрхийлсэн гэрэлт хөшөөг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Их засаг олон улсын их сургуулийн хоёрдугаар цогцолборын өмнө өнөөдөр сүндэрлүүллээ. Дэлхийн II дайны шийдвэрлэх үе буюу 1945 оны хоёрдугаар сарын 4-өөс 11-ны өдөр АНУ, ОХУ, Их Британийн удирдагч болох И. В. Сталин, Ф.Д. Рузвельт, У. Черчилль нар Гитлерийн эсрэг нэгдэж Яалтад уулзсан. Уг түүхэн бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг өнөөдөр босгосон нь энэ юм. Уг хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,  Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Генерал Ш.Арвай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Т.Батжаргал, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, ахмад дайчид оролцлоо. 
Их гүрний гурван удирдагчийн уулзсан Яалтын бага хурлын дурсгалыг мөнхжүүлсэн хөшөө ОХУ-ын Сочи хотноо байдаг байна. Харин энэ удаа Монголд сүндэрлэж буйг УИХ-ын гишүүн Н.Учрал энэ үеэр онцолж байлаа. Тэрбээр мөн Яалтын бага хурлын дурсгалд зориулсан энэхүү гэрэлт хөшөө Монголыг дэлхийд сурталчлах, гадаад дотоодын төр засгийн тэргүүнүүд, зочид төлөөлөгчид, жуулчид, эрдэмтэн судлаачдын анхаарал, сонирхолыг татсан,Талын Монгол руу тэмүүлэх зочид гийчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг татах нэгэн тод томруун дурсгал болон оршсоор байх болно гэж хэлэв. 

Харин Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осор “Яалтын бага хурлаар Германыг цэрэггүй бүс болгох, цэргийн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах, фашизмыг бүрмөсөн устгах асуудлыг  холбоотон гүрнүүд санал нэгдэж  шийдвэрлэсэн  байна. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх  тухай асуудлийг ЗСБНХУ-ын засгийн газрын тэргүүн И.В Сталины санаачлагаар хэлэлцүүлсэн билээ.  Үүний эцэст 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-д Тусгаар тогтнолоо баталгаажуулах асуудлаар бүх нийтийн санал хураалт болж, нийт санал хураалтад оролцогсод нийтээрээ тусгаар тогтносон улс байхын төлөө саналаа өгсөн байна. 1945 оны сүүлээр Хятадын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрч БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон юм. 1949 онд ялсан Хятадын Маогийн засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг нэн даруй хүлээн зөвшөөрсөн юм. БНМАУ 1961 онд НҮБ-д албан ёсны гишүүнээр элсэж эдүгээ манай улс 140 гаруй улстай дипломат харилцаатай бүрэн эрхэт тусгаар тогтносон улс болон хөгжиж байна. Хэдийгээр Яалтын гэрээ түүх болон үлдсэн ч энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл дэлхийн улс гүрнүүдийн хүчний харьцааг тодорхойлж, Монгол улсын хил дархан, хэл ариун оршин тогтнож хөгжиж цэцгэлхийн язгуур үндэс болсоор байна. Энэхүү түүхэн бага хурлаас хойш 72 жил хэдийнээ өнгөрчээ” гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл