Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хөх ордонд суухгүй хэмээн мэдэгджээ. Мүүн Жэ Ин Пак Гын Хэгийн эсрэг жагсаал болдог байсан Гванхвамуны талбайн дэргэд ердийн оффист суух гэнэ. Мүүн “Би ард түмэнтэйгээ дуртай үедээ харилцаж чаддаг ерөнхийлөгч болно. Чухал асуудлаар тухай бүрт нь мэдэгдэл хийж байна. Ажлаасаа тараад захаар дайрч хүмүүстэй ярилцана. Гванхвамуны талбайд заримдаа томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байх болно” гэж ярьсан байна.
Мүүний энэ алхам нь эхнээсээ энгийн ерөнхийлөгч байх гэсэн түүний төлөвлөгөө бололтой. Мөн Пак Гын Хэгээс тэс өөр ерөнхийлөгч байх хүсэл нь харагдаж байгаа юм.Гэхдээ Мүүн Хөх ордныг бүр мөсөн орхихгүй. Тухайлбал зарим нууц өрөөнүүдэд үндэсний аюулгүй байдлын асуудлаар хуралдах ба нисдэг тэрэгний тавцанг нь шаардлагатай үед ашиглаж, гадны зочдыг ёслолын танхимд нь угтаж байх гэнэ.