8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөрчлийн хуулийн ОНЦЛОХ 30 заалт: Хаана ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр торгох вэ

2017-05-12 12:16:00

Өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Зөрчлийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж гишүүдийн 76,3 хувийн саналаар Зөрчлийн тухай хуулийг баталлаа.
 Зөрчлийн тухай хууль долдугаар сарын нэгнээс мөрдөгдөхөөр боллоо. Тус хууль хэлэлцэгдэж эхэлсэнээс хойш нэлээд асуудал дагуулсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Эргэн сануулахад, Ц.Гарамжав гишүүний гаргасан Зөрчлийн хуулийн Гүтгэх заалтад хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан байсан юм. Үүнийг эсэргүйцэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулгыг телевизүүд сонин, сайт эфирээ хааж, гамшгийн аюулын дохио дуугаргаж  эсэргүйцлээ илэрхийлсэн билээ. Ц.Гарамжав гишүүн тун удалгүй өөрийн гаргасан саналаа эргүүлэн татсанаар асуудал намжсан. Энэ мэт сүр дуулиантай эхэлсэн Зөрчлийн хууль өчигдөр батлагдаж, ирэх долдугаар сарын 01-ээс хэрэгжихээр боллоо. Ингээд тус хуулийн онцлох 30 заалтыг хүргэж байна. Та хаана ямар зөрчил гаргавал хэдэн төгрөгөөр торгуулах талаар мэдээллийг аваарай.

Хуулийн заалтад заасан нэг торгуулийн нэгж/“нэгж” гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү гэсэн үг. 

 

1.    Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, эрх хасах шийтгэл ноогдуулна. Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
2.    Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.     Хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.    Аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.   Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.     Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.    Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.     Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.    Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.    Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.    Усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
12.     Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  
13.     Хүнсний давсыг үйлдвэрлэлийн аргаар стандартын дагуу иоджуулаагүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.    Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.    Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглолтыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.     Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.    Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.    Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.    Даатгагч,  жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш гурав хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.    Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.    Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.    Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23.    Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24.     Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25.    Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26.    Хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27.    Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28.     Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа, үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, эсхүл чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, эсхүл тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  
29.    Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг: .эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад зохих зөвшөөрөлгүйгээр олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг  хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
30.    Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/12/07 129.205.124.224
монгол
Татвар, торгууль, сугалаа 3 арай хэтэрлээ. Энэ Монголын хөгжлийн бодлого уу? Бид та нарыг сонгохдоо хуулиар далайлган дээрэмдэж амьдрал бизнесийг минь самарчихна гэж бодож байсангүй.
2018/02/05 202.9.47.177
123
1нэгж=2000төгрөг
2017/05/30 27.123.214.114
нямбаатар
Утсандаа нэгжтэй бол чөлөөтөй төлөх юм ойлгосонуу дараа төлбөрт бол болохгүй
2017/05/12 202.9.42.96
Нэгж
Нэгж гэж юуг хэлээд байгаа пизза вэ
2017/05/12 202.170.68.162