8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлав

2017-05-12 12:49:18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн 83 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах цэцэрлэг, сургууль орон нутагт байхгүй байгаад анхаарч, нарийвчилсан судалгаа хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөлөөр хангах, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах гэхээс илүү энгийн хүүхдүүдтэй нэгэн адил нөхцөлд сургах, нийгэм хамт олны дунд хүмүүжүүлэхэд анхаарах ёстой гэх зэрэг санал дэвшүүлсэн юм.

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар мөн Хог хаягдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 77.1 хувийн саналаар баталлаа.

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болжээ. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй гурав дахин нэмэгдсэн байна.

Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас шинэчлэн боловсруулсан ажээ.

Хууль батлагдсанаар хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах. Ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл