8o
Улаанбаатар хот
mobile menu

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталлаа

2017-05-12 16:11:17

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй.

Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаж эхэлснээр эхийн сүүгээр хооллох хүүхдийн үндсэн эрх зөрчигдөх болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг тус тус баталсан.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 11 жил хэрэгжсэн хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй болсон байна.

Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн.

Иймд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл