Өчигдөр СЕХ нэлээд үймэн шуугиантай бужигнаантай өнгөрлөө. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Түүнийг бүртгэхгүй байх хэд хэдэн шалтгаан хэмээн мэдэгдэж багагүй үймээн дэгдлээ. Тодруулбал,
1. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.
2. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж.
3.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байна.
Үүнийг эсэргүүцсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүд багагүй үймээн дэгдээв. Түүнийг бүртгэхгүй байх нэг биш нэлээд хэдэн шалтгаан байгаа талаар дээр дурьдсан. Тус шаардлагыг яагаад хангаагүй талаар мэдээлэл өгье.
Шалтгаан 1. Н.Энхбаяр Солонгост 390 хоног амьдарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ хэмээн үндсэн хуулинд заасан байдаг.
Гэтэл Н.Энхбаярыг 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүйг хуулийн байгууллага тогтоосон байна. Энэ цаг хугацааг эргэн санахад, 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн орой 22.30 минутад Korean air компанийн онгоцоор эх орондоо ирж байсан. Түүнийг монголд ирэхэд гэр бүлийнхэн, намын нөхөд нь сүр дуулиантай тосож байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Н.Энхбаяр 390 хоног буюу 13 сар Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн нь энэ юм. Үүнээс харахад түүний гадаадад байсан цаг хугацаа нь үндсэн хуулинд заасан цаг хугацаатай харшилж байгаа юм.
Шалтгаан 2. Ялтайд тооцох хугацаа дуусаагүй
Н.Энхбаярыг нэр дэвших эрхийг хаасан өөр нэг хүчин зүйл нь түүний ялтайд тооцох хугацаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр 2016/02/19-нд мэдээлэл хийх үеэрээ “Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр гарснаас эхлэн 5 жил үргэлжлэх тул энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 5 жилийн хугацаа дууссаны дараа ялгүйд тооцох хуультай юм. Түүний ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 02-нд дуусна. Үүнээс гадна түүнд холбогдох эрүүгийн хэд хэдэн зүйл ангид хамаарах хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Иймд Төрийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд төрийн албанд томилохыг хориглосон байдаг” хэмээн мэдээлэл хийсэн. Түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй учраас нэр дэвших боломжгүй болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Н.Энхбаяр нэр дэвшихэд үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Одоо МАХН-д нэг боломж байгаа нь дараагийн нэр дэвшигчээ тодруулах явдал юм. Харамсалтай нь тус намынхан заавал Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ, үгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олготол нь тэмцэлээ үргэлжлүүлнэ гэнэ. Түүний энэ улс төржилт хэзээ дуусах вэ