Өнгөрсөн амралтын өдөр СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгээгүй. Намуудыг бүртгэх хугацаа дуусч, энэ сарын 17-нд буюу нөгөөдөр улсын хэмжээнд олон нийтэд зарлахаар болсон. Гэхдээ МАХН-ын хувьд Н.Энхбаярыг бүртгээгүй учир өөр нэг нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Тэгвэл Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр МАХН Бага чуулганаа хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.