Энэ сарын 12-нд буюу хоёр хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Д.Т нь сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд нэвт сүлбэгдэж амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар талийгаач Д.Т нь хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байсан, хүүг хашаа давах гэж байхад нь хажуу талаас нь цуг тоглож байсан хүүхэд түлхснээс хажуу бөөрнөөсөө нэвт сүлбэгдэн эмнэлэгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алдсан талаар өгүүлж байна. Энэ хэргийг одоогоор эцэслэн тогтоогоогүй бөгөөд цуг тоглож байгаад нэгнээ түлхсэн сурагч болон сургуулийн удирдлагууд, багш нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Харин Ханбогдчууд дээрх золгүй явдалд сургуулийн удирдлагууд болон холбогдох шатны боловсролын дээд байгууллагыг буруутгаж байна. Учир нь Ханбогд сумын дунд сургуульд талийгаач хүүгийн үхлээс гадна хэдхэн хоногийн зайтай хоёр ч хүүхэд хүнд гэмтэж бэртжээ. Тэрээр хүүг өнгөрдөгөөс хоёрхон хоногийн өмнө бага ангийн сурагч Г. Н нь сургуулийнхаа хоёр давхрын шатнаас унаж толгойдоо хүнд гэмтэл авсан бол 10 гаруй хоногийн өмнө мөн л завсарлагаанаар гарч гүйсэн хүүхэд гараа хугалж бэртсэн хэрэг гарчээ.
Мөн үүнээс гадна сургуулийн ажилчид дунд дарамт шахалт, хардлага, жалга довны үзэл хэрээс хэтэрч, хүүхдүүдийн буруутай үйлдлийг жирийн багш нарт тохох, үүнээс болж багш нар нь ажилдаа явахаас хүртэл жийрхдэг болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ мэт Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн дотоодох зөрчилдөөн дотроосоо халилгүй өрнөж байна. Харин бодит байдлыг сургуулийн захирал А. Сумъяабаяр, сургалтын менежер Ж.Одгэрэл болон хэсэг бүлэг албан тушаалтнууд нь хав дардаг аж.
Тэгвэл энэ удаад мөн амиа алдсан хүүгийн үхлийн талаар сургуулийн удирдлагууд нь "гадагш нь ганц үг ганхийлгэж болохгүй" хэмээн үүрэгдсэн гэсэн мэдээлэл байна.