МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж, С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Тус намаас МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын дөрвөн хүн нэр дэвшиж, нууц санал хураалтаар С.Ганбаатар хамгийн олон санал авч, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов. Өнөөдөр МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнөөдрийн дотор хүргүүлэх ёстой. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох ёстой.
МАХН-ын зарим гишүүд тус намаас Босоо Ганбаа дэвших болсоныг эсэргүүцэж байгаа юм. Нэр дэвшигчид дундаас хамгийн нэр цэвэр, шударга улс төрч гэгддэг С.Нарангэрэл өчигдөр нэрээ татсан. Учир нь МАХН-аас нэр дэвшигч нь тухайн сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцах талаар гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр яригдсан байна. Тус 10 тэрбум төгрөгийг өөрөөсөө гаргаж чадахгүй хэмээн хуульч С.Нарангэрэл нэрээ татав. Энэхүү үйл явдлыг харсан ард түмэн хамгийн боломжтой нэр цэвэр хүнээ МАХН алдлаа гэсэн байр суурьнаас хандсан.
Үүнээс гадна МАХН-ын Бага чуулган С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсоны дараагаар тус намыг УИХ-д төлөөлж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэлээ илэрхийлж мэдээлэл хийсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ ““МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан.
Төрийг барих зангарагтай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дорж хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.
Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.
Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна.Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” хэмээн мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сонгуулиар МАХН-аас УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан ганц хүн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тус намынхан түүнийг үгийг бас сонсох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл байр сууриан нэгтэж чадаагүй МАХН өөх ч биш булчирхай ч биш байдалтай байна.
Намын гишүүдийн дэмжлэгийн авсан С.Ганбаатарын хувьд нэлээд хурц ширүүн ярьдаг тэмцэгч гэдгээ өнгөрсөн хугацаанд батлан харуулсан. Гэхдээ ярьдаг мөртлөө хийдэг хүн гэвэл бас эргэлзээтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд С.Ганбаатар Дарханчуудын итгэлийг хүлээн гарч ирсэн ч Дарханчуудыг төлөөлөх ажлаа хангалтгүй хийсэн хэмээн нутгийн ард түмэн дахиж сонгоогүй. Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг. Эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой. С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ” гэж ярилцлага өгч байсан түүхтэй. Нэгэн цагт зөвлөх нь байсан С.Ганбаатар одоо тус намыг төлөөлж сонгуульд оролцох уу гэдгийг харахад хэдхэн цагийн хугацаа үлдээд байна. О.Баасанхүү гишүүний бас нэг эсэргүүцэж байгаа юм нь С.Ганбаатарын их дээд сургууль төгссөн гэж худлаа ярьсан асуудал байгаа. С.Ганбаатар гадаадад их дээд сургууль төгссөн хэмээн ярьдаг байсан ч үнэн хэрэгтээ тэр сургуулиа төгсөж чадаагүй гэдгээ өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Энэ мэдээлэл нийтэд цацагдсаны дараагаар улс төрчдийг рейтингээрээ тэргүүлж явсан түүний нэр хүнд навс унасан. Ийм хүнийг МАХН-аас нэр дэвшүүлэх гэж буйг тус намыг УИХ-д төлөөлж байгаа цорын ганц гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж байгаа юм. Нэр, гар цэвэр хүнийг нэр дэвшүүлбэл, уг нь зүгээр сэн.