Нийслэлийн II амаржих газарт эрүүл, саруул амаржихаар очсон бүсгүй учир битүүлгээр амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эмч нар бүсгүйг амьсгал хураах үед хэвлий дэх хүүхдийг нь кесерова хагалгаагаар гарган авсан байна. Учир нь охин хүчилтөрөгчийн архаг дутмагшилтайгаас гадна тархи нь ажиллагаагүй, хөхөх рефлексгүй төржээ. Одоо охин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. Харин талийгаач эмэгтэйн хувьд гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаад харамсалтайгар амиа алдсан байна.
Энэ сарын 01-ны өдөр талийгаач Нийслэлийн II амаржих газарт очиж, дотуур үзлэг хийгээд “41 недель арай болоогүй байна. Маргааш гэхэд 41 болчихно. Тэгээд ч өнөөдөр ор байхгүй байна. Маргааш ирээд хэвт” гээд буцаасан аж. Ингээд тус эмэгтэй энэ сарын 02-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж, 3-нд амиа алджээ. Эмч нар ар гэрийнхэнд “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага” хэмээн хэлсэн.
Ар гэрийнхний зүгээс 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй байсан байж болох ч нөгөө талаараа хугацаа алдаж, хайхрамжгүй хандсанаас болоод гарсан хүндрэлийг эмчилж чадаагүй учир гомдолтой байгаа аж.
Өмнө нь 1 дүгээр төрөхөд яг ийм оноштой жирэмсэн эмэгтэй төрж байсан талаар ар гэрийнхэнэ ярьсан байна.