"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараасан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр "Их хэмжээний мөнгө хаясан хүн байвал мөнгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирж авна уу" гэсэн зарыг өөрийн нүүр хуудаснаа тавьсан билээ.
Б.Төгс тавдугаар сарын 15-ны орой 21-н цагийн орчим "Налайх-Багшийн дээд" гэсэн автобусанд сууж явахдаа 25 сая төгрөг олсон байна. Зарын дагуу эзэн нь олджээ. Мөнгөө хаясан эмэгтэй одоогоор хүүхэд нь өвчтэй эмнэлэгт байгаа бөгөөд дараа долоо хоногт Цагдаагийн хэлтэсээс очиж мөнгөө авахаар болжээ.