“Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийсэн байна. Энэ үеэр орон нутгаас ирсэн төлөөлөгчид иргэдийн ухамсаргүй байдлаас болж нуурын ойр орчим хог хаягдал ихээр нэмэгдэж, хөрсний бохирдол үүсэн улмаар нуур бохирдож байгааг онцолж байсан юм. Цаашлаад залуучууд моторт завиар сэлгүүцэх нь ихэссэнээс болж энэ нууранд ирдэг байсан ховор төрлийн шувууд дайжихад хүрч тэднийг л зөвхөн үзэхээр ирдэг байсан жуулчдын цуваа тасарч байгааг эрдэмтэд онцолсны дээр нуурын ёроолд байх загасны торонд загаснууд заламгайгаараа орооцолдож үхэж байгаагаас гадна шумбагч шувууд ч ихээр эндэж байгаа талаар ярилцсан байна.
Өгий нуурын орчинд 129 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 51 зүйл нь нуурын орчинд үржих боломжтой боловч хүн малын төвлөрөл, орчин нөхцлийн хомсдлоос шалтгаалан үржлийн амжилтын хувь жилээс жилд буурсаар байгаа талаар Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа мэдээлэл өгсөн байна. Үүнээс гадна жуулчид 1500 ам.доллар төлөөд ч хамаагүй усны шонхор гэж Монголд л байдаг шувууг үзэх гэж Өгий нуурыг зорьж ирдэг аж. Гэтэл энэ шувуу одоо энэтхэг рүү дайжиж байгаа аж. Саяхан чиглэлийг нь судалж, Өгий нуурт 7 хоночихоод л Энэтхэг рүү ниссэн байхыг судлаачид тогтоосон байна.